Тосон -Хулстай БНГ
Монгол орны зүүн хойт хэсэгт ойт хээрээс тал хээрийн бүсэд шилжих заагт орших Тосон Хулстайн нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 28-р тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Мөн онд БНГ-ын хилийн заагийг Засгийн газрын 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 67-р тогтоолоор баталсан. Тосон Хулстайн байгалийн нөөц газар ньХэнтий аймгийн Баян Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Цагаан овоо, Хөлөнбуйр сумдын нутгийг хамарсан нийт 469,0 мян.га талбайтай. Тус байгалийн нөөц газар нь дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд харъяалагддаг.
Тосонхулстай БНГ-ын байгаль орчны төлөв байдал
Физик газарзүйн нөхцөл
Тосон-Хулстайн БНГ нь Хэрлэн голын хойт талаар баруунаас зүүн тийш сунасан байрлалтай орших бөгөөд Дагуурын уулын хээр, Дорнодын тал хээртэй залган орших завсрын байрлалд шилжилтийн өвөрмөц экосистемийг бүрдүүлдэг. Дагуурын уулын хээрийн нөлөө бүхий баруун, баруун хойт хэсгээр арай чийглэгдүү болж тэнд нугат хээрийн ургамал тархах нөхцөл бүрджээ. Нөөц газрын баруунаас зүүн тийш болоход уур амьсгал аажим хуурайсаж хээрийн экосистем хуурай хээрийн экосистемээр солигдоно.
Газрын гадарга
Тосон-Хулстайн БНГ-ын нутаг дэвсгэр нь байгалийн мужлалаар Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужийн Хэрлэн, Хөх нуурын өндөр тал, тэгшдүү хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид, геоморфологийн мужлалаар Төв Азийн их мужийн Монголын дорнод мужийн Улз-Хэрлэнгийн дэд мужид тус тус (Үндэсний атлас, 1990) хамрагдана. Гадарга нь далайн түвшнээс дээш дунджаар 900-1000 м өргөгдсөн ухаа-гүвээ, тэгш тал, нам уулс, цав толгод хосолсон тогтоцтой (Зураг 4). Энд маш налуу хажуутай ухаа гүвээ, гүйхэн хонхортой тал зонхилох бөгөөд түүний дунд арай эгц хажуутай, шовхдуу оройтой цав толгод, нам уулс энд тэнд тархжээ. Ухаа гүвээний харьцах өндөр 10-30м, нам уул, толгодынх 50-100м хүрнэ. Хамгийн өндөр цэг нь байгалийн нөөц газрын баруун хойно орших 1240,5 м өндөртэй Норовлин овоо нам цэг нь Хотонтын нуурын хойд захад 767,4 м байна. Гадарга нь баруунаас зүүн тийш алгуур намсч Дорнод Монголын тэгш талтай нийлнэ.
Уур амьсгал
Монгол орны уур амьсгалын мужлалаар Тосон Хулстайн БНГ нь хуурайдуу сэрүүн зунтай, хахирдуу өвөлтэй бүсэд багтана (Үндэсний атлас, 1990).Тус БНГ-ын хэмжээнд цаг уурын ажиглалтын станц, харуул байдаггүй, хамгийн ойр байрлалтай нь Баян-Овоо (20 км), Цагаан-Овоо (30 [км), Хөлөнбуйр (шулуунаар 6 км), Баянтүмэн (25 км) станц юм.
Агаарын температур олон жилийн дунджаар Баян-Овоод –0.10C, Цагаан-Овоод 1.10C, Хөлөнбуйрт 1.00C, Баянтүмэнд 1.50C, хөрснийх 1.60C, 4.1 0C, 3.6 0C, 3.8 0C байна. 1-р сарын агаарын дундаж температур дээрхи дарааллаар –20.90C, -19.40C, --20.20C болон -21.00C, 7-р сарынх 18.90C, 20.70C, 21.00C, 20.80C, 22.60C тус тус байна.
Жилд дунджаар 199.2-284.8 мм тунадас унах бөгөөд ихэнх нь 4-10 –р саруудад (70-80%) унадаг.Бороотой өдрийн тоо жилийн дунджаар 40-55.6 байна. Тосон Хулстайд цасан бүрхүүл олон жилийн дунджаар 10 сарын сүүлээс тогтож, 4 сард ханзрах бөгөөд цасны зузаан дунджаар 4-7 см байна. Зарим цас их унах жил хонхор хотгор газруудад нилээд зузаан хунгарлан тогтоно.Агаарын харьцангуй чийгшлийн дундаж 4 ба 5 сард бага (35-40 %), их нь 7 сард (61-67%) байна.Хавар хур тунадас ховортой, хуурай салхи ихтэй байдаг. Энд баруун зүгийн салхи зонхилох бөгөөд салхины дундаж хурд 3.3-5.0 м/сек, харин их салхитайд тооцогдох 4 ба 5 –р сарын дундаж хурд 4.2-6.3 м/сек, салхины хамгийн их хурд дунджаар 20-40 м/сек хүрнэ. Хүйтрэлтгүй үеийн үргэлжлэх хугацаа жилд 108-120 хоног ба ургацын үе богино юм.
2.2.3 Геологийн тогтоц, хурдас ба ашигт малтмал
Тосон Хулстайн БНГ нь геологийн тогтоцын хувьд мезозойн эриний юрийн системийн дээд нэгтгэлээ, цэрдийн системийн доод нэгтгэлээ, палеозойн эриний карбоны доод, дунд нэгтгэлгээ болон венд-кембрийн системийн доод нэгтгэлгээ, триасын ангилагдаагүй чулуулаг, цэрдийн доод нэгтгэлгээнд тус тус харьяалагдана.Энд дунд ба шинэ төрмөлийн нас бүхий хөрзөн, шохойлог элсэн чулуу, порфир, андезит, наанги шавар зэрэг хурдас чулуулгаас тогтоно.Нам уулс орчмоор эрт төрмөлийн хувирмал занар, элсэн чулуу, боржин зэрэг гүний чулуу геологийн бүтцэд голлоно. Ухаа гүвээ, цав толгод, нам уулсын хооронд орших өргөн уудам хөндий, хоолой, хотос, хонхорын ёроолд сайр, элсэнцэр, элс, наанги, шавар мэтийн дөрөвдөгчийн сэвсгэр хурдас зонхилон тархсан.
Хөрсөн бүрхэвч
БНГ-ын нутаг дэвсгэр нь хөрс-газарзүйн мужлалаар Хангайн хөрсний их мужид багтах бөгөөд Дорнод Монголын хээрийн мужийн хар хүрэн хөрстэй Чойбалсангийн тойрогт хамрагдана.БНГ-ын голлох хотгор гүдгэрийг бүрдүүлэгч ухаа гүвээний өндөрлөг хэсгээр сайр чулуурхаг хар хүрэн хөрс, тэдгээрийн тавиу хажуу, бэл, талархаг ам хөндийгөөр хөнгөн шавранцар болон элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй ердийн хар хүрэн хөрс тус тус тархана. Харин нам уулсын орой хяраар уулын карбонатгүй болон карбонатат хар шороон хөрс, нам уулс, цав толгод, ухаа гүвээнүүдийн хоорондох ам хөндийн нам хэсгээр хужирлаг нугат-хар хүрэн хөрс түгээмэл тархах бөгөөд Эрээн, Хотонт, Зүүн Эрээн, Хулстай, Цагаан нуур зэрэг дунд, жижиг нуур, тойрмын эргэн тойронд нугын хужир, нугын мараа зэрэг бүс дундын давсархаг хөрс тогтворжино. Нөөц газрын өмнөд хилээс урагш Хэрлэн голын татам дагуу хөрс үүсгэгч аллювийн хурдасны илрэх гүн, ул хөрсний усны түвшнээс хамаарч аллювийн ширэгт сул хөгжилтэй хөрс, аллювийн нугын болон аллювийн нугат-намгийн хөрс тархдаг.
Усны ай сав
Тосон Хулстайн БНГ-ын нутаг дэвсгэр гадаргын усаар ховор, байнгын урсгалтай гол мөрөн байхгүй, зөвхөн Нарийн, Хараат, Хавцгайт, Ногоон хушуу зэрэг цөөн тооны горхитой ба эдгээрийн усны горим тогтворгүй, хур бороо элбэгтэй жил ус нь ихсэн урсаж ойролцоох хотос, хонхорын ёроолд сэвсгэр хурдсанд шингэн замхарна. Тосонгийн овоо (1077,5м) хэмээх нам уулын баруун урд хотост орших байнгын ундрагатай, өвөлдөө харзалдаг булаг байх бөгөөд үүнийг Дайхарын рашаан гэнэ. Түүний ундрага нь 1000 л/цаг байх ба цагаан зээр ундаалдаг гол булаг юм.
Харин олон тооны багавтар болон жижиг нуур, тойрмуудтай. Эдгээрээс томоохон нь Эрээн (4.0 км2), Хотонт (3.5 км2 ), Зүүн Эрээн (2.0 км2), Хулстай (0.8 км2) нуур юм. Нуур, тойрмууд нь гадагш урсгалгүй, зөвхөн хур борооны усаар тэжээгддэг тул гандуу жил ихэнх нуур, тойром хатаж ширгэн хужир шүү болсон цайдам болж хувирна.Эндэхийн бүх нуурууд 10-р сарын сүүлчээс эхлэн хөлдөх бөгөөд 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр гэснэ. Ихэнх нуурт 1,5-2,0 м зузаан мөс тогтож, жижиг нуур ёроолоо хүртэл хөлдөнө. Нууруудын усны эрдэсжилт харилцан адилгүйгээс гадна усны түвшин татрахад эрдэсжилт ихсэж, харин хур бороо элбэг үед багасна.Нуурын усны химийн бүтцэд сульфат-натри, хлор-магни зэрэг давс зонхилно.
БНГ-т гадаргын ус ховор боловч газрын доорх усаар элбэг буюу гүний цэнгэг усны нөөцөөр усан хангамж хүрэлцээтэй мужид багтана. Эндэхийн уст цэгийн ундарга 0.5-1.5 л/сек байна. Энд 30 орчим худаг байснаас ихэнх нь ашиглагдахгүй болж 2000 оны байдлаар 8 худаг нь ажиллагаатай үлджээ. Гүний усны түвшин гадаргад ойр орших тул малчид бүгд дэргэдээ гар худаг гаргаж ашиглах нь элбэг.
Биологийн онцлог шинж
Тосон-Хулстайн БНГ нь Хэрлэн голын хойт талаар баруунаас зүүн тийш сунасан байрлалтай орших бөгөөд Дагуурын уулын хээр, Дорнодын тал хээртэй залган орших завсрын байрлалд шилжилтийн өвөрмөц экосистемийг бүрдүүлдэг. Дагуурын уулын хээрийн нөлөө бүхий баруун, баруун хойт хэсгээр арай чийглэгдүү болж тэнд нугат хээрийн ургамал тархах нөхцөл бүрджээ. Нөөц газрын баруунаас зүүн тийш болоход уур амьсгал аажим хуурайсаж хээрийн экосистем хуурай хээрийн экосистемээр солигдох ажээ. Хэрлэн голын хойт биеийн далайн түвшнээс дээш 800-900 м өндөр бүхий Шүүт, Бэлчих, Таахай, Шорвог, Барьхан зэрэг шорвог устай жижиг нуурууд олонтой. Нөөц газрын ихэнх хэсэг нам уул, цав толгод, ухаа гүвээ бүхий тал хээр юм. Нуур, тойром бүхий жижиг хотгор, хонхор газрууд нь мараалаг шинжтэй.
Тосон Хулстайн БНГ-ын амьтан, ургамлын аймагт Дагуурын биогазарзүйн тойргийн нөлөө бага боловч илэрдэг бөгөөд Монголд ховор амьтан, ургамлын зүйл, тухайлбал цэн тогоруу /Grus vipio/, тоодог /Otis tarda/ зэрэг шувууд болон дагуурын зараа /Erinaceus dauricus/ байдаг. Нөөц газрын дэвсгэрт орших Эрээн нуур, Хотонт, Хулст, Цагаан, Эрээн зэрэг олон тооны жижиг нуур, тойром нь усны шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хийгээд ялангуяа хавар, намрын цагт үе үе нүүдлийн шувууд чуулдаг гол газар болдог.
Тосон-Хулстайн БНГ нь цагаан зээрийн /Procapra gutturosa/ амьдрах орчныг бүрдүүлж, жилийн дөрвөн улиралд ишээлэх, төллөх, бэлчээрлэх томоохон байршил нутаг нь болох бөгөөд тухайн зүйл популяцийн тархац нутгийн хамгийн хойд хэсэг нь юм. Мөн нөөц газрын нутаг дэвсгэрт өвөлдөө хойд хэсэг, зундаа өмнөд хэсэгт шилжин байрлах бөгөөд зүүн хойд хэсгээр нь төллөж, урагшаа Хэрлэн гол гатлан нүүдэллэдэг байна.Иймд тус нөөц газарт цагаан зээр өвөл, хаврын цагт тоо толгойн хувьд нэлээд олшрох хандлагатай байдаг.
Ургамалшлын төрөл, ургамлын аймаг
Тосон Хулстайн байгалийн нөөц газар бол ургамал-газарзүйн мужлалаар Евразийн хээрийн муж, Дагуур-Монголын хээрийн хошуу, Монголын Дорнод хээрийн тойрогт хамаарагдах бөгөөд Монгол Дагуурын тойрогтой залгаа оршдог тул ургамал нөмрөгт нь Манжуур, Монгол Дагуурын элементүүд түгээмэл тархдаг.
Тус БНГ-т түгээмэл тархалттай 44 овогт хамаарах төрлийн 209зүйл ургамал бүртгэгдсэн байна (Хавсралт 1).Энд уулын хээрийн болон хээрийн үетэн-алаг өвс-зүр өвст, харгана оролцсон алаг өвс-хялганат, алаг өвс-хиагт, хиагт бүлгэмдэл зонхилон тархана. Эдгээр бүлгэмдлүүдэд сөөгнөөс Жижиг навчит харгана (Caragana microphylla), үетнээс Крыловын хялгана (Stipa Krylovii), Сибирь хялгана (S. sibirica), Шивээт хялгана (S. grandis), Сунагар биелэг өвс (Poa attenuata), Том цэцэгт дааган сүүл (Koeleria macrantha), Дэрвээн хазаар өвс (Cleistogenes squarrosa), Нангиад түнгэ (Elimys chinensis), шарилжнаас Агь (Artemisia frigida), алаг өвснөөс Дэрвэгэр жиргэрүү (Saposhnikoria divaricata), Монгол хунчир (Astragalus mongolicus), Нягт сонгино (Allium condensatum), Ширэг улалж (Carex duriuscula) зонхилж оролцоно. Хужир мараатай нуур, тойром орчимд Турьхан цэцэгт зурман сүүл (Puccinellia tenuiflora), Гауптын зурман сүүл ( P. hauptiana), Сэртэнт бударга (Suaeda corniculata) ургана. Эмийн болон ховор ургамлаас Өргөст сарнай (Rosa aciculars), Юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata), Таван салаа, Одой сараана, Дэрвээн хазаар өвс (Cleastogenos squarrosa), Ленийн ботууль (Festuca lenensis), Байгалийн хялгана (Stipa baicalensis), Сибирь зүр өвс (Filifolium sibiricum), Ацан цахилдаг (Iris dachotom) зэрэг ургамалтай.
Амьтны аймаг
Монгол орны амьтан судлаачдын дүгнэлтээс үзэхэд Тосон Хулстайн байгалийн нөөц газар нь амьтны аймгийн төрөл зүйлийн хувьд харьцангуй цөөн зүйлтэй, хуурай хээрийн болон уулын хээрийн амьтад голлон тархсан байдаг. Тус БНГ нь тал хээрийн бүсийн хөхтөн амьтны гол төлөөлөгч болох цагаан зээрийн тархац нутгийн нэг юм. Энд монгол тарвага (Marmota sibirica Rad.), бор туулай (Lepus tolai), дагуурын зурам (Citellus dauricus), үлийн цагаан огтоно (Lasiopodomys brandti), шар үнэг (Vulpes vulpes), хярс (Vulpes corsac), дoргo (Meles meles), мануул (Felis manul), саарал чoнo (Canis lupus) байхаас гадна Монгол орны дорнод хэсгийн нүүдлийн ихэнх зүйл шувууд дайран өнгөрдөг нутаг юм.
Хөхтөн:
Төв Азийн тал хээрийн зүйлүүд Бор туулай (Lepus tolai), Монгол тарвага (Marmota sibirica), Үлийн цагаан оготно (Lasiopodomys brandti), Хярс (Vulpes corsac), Шар үнэг (Vulpes vulpes), Мануул (Felis manul)) өргөн тархсан нутаг юм.Түүнээс гадна Дорнод Азийн амьтны аймгийн олон төлөөлөгчид Дагуур зараа (Erinaceus dauricus), Дагуур зурам (Citellus dauricus,) байдгаараа онцлогтой. Эндхийн хөхтнөөс Монгол Улсын Улаан номонд 1 зүйл (Дагуур зараа /Erinaceus dauricus/), Олон улсын Улаан номонд 1 зүйл (Саарал чоно /Canis lupus/), Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн II хавсралтад 2 зүйл (саарал чоно /Canis lupus/, Мануул /Felis manul/) бүртгэгджээ.
Тухайн нөөц газарт хамгийн өргөн тархсан амьтан нь туурайтнаас Цагаан зээр (Procapra gutturosa) юм. Мэрэгчдээс Үлийн цагаан оготно (Lasiophodomus brandti) ,Дагуур огдой (Ochtono daurica), Монгол тарвага (Marmota sibirica), Орог зусаг (Phodopus sungorus), Монгол чичүүл (Meriones unguculatus), Дагуур зурам (Citelus daurica) зэрэг амьтад тархсан ба махчдаас Чоно (Canis lupus), үнэг (Vulpes vuples), хярс (Vulpes corsac) байдаг.
Шувуу :
БНГ-т нийт 139 зүйлийн шувууд бүртгэгдсэн /хавсралт 2 /-ээс 72 зүйл нь өндөглөн зусдаг.Нийт шувуудаас 19 зүйл нь суурин, 120 зүйлийн нүүдлийн шувууд бөгөөд 4 зүйл шувуу нь өвөл ирж (Н. Цэвээнмядаг, 2000) өвөлждөг байна. Мөн шувуудаас 10 зүйл нь элбэг, 45 зүйл нь ердийн, 70 зүйл нь ховор, 14 зүйл нь маш ховор тархацтай юм байна.
Тус БНГ-ын хэмжээнд тэмдэглэгдсэн шувуудыг нэрлэвэл махчин шувуудаас Шилийн сар (Buteo hemilasius), Идлэг шонхор (Falco cherrug), Зээрд шонхор (Falco naumanni), Начин шонхор (Falco tinnunculus), Цагаан элэгт (Circus cyaneus), Тарважи бүргэд (Aquila nipalensis), Цармын бүргэд (Aquila chrysaetos), Нохой тас (Aegypus monahus), Шар шувуу (Bubo buboзэргийг нэрлэж болно. Мөн Ангир (Tadorna ferruginea), Анхидал (Tadorna tadorna), Бор нугас (Anas strepera), Зэрлэг нугас (Anas platyrhynchos), Алаг шунгаач (Bucephala clangula), Буурал галуу (Anser fabalis), Хошуу галуу (Anser cygnoides), Гангар хун (Cygnus cygnus), Өвөгт тогоруу (Anthropoides virgo), Цэн тогоруу (Grus vipio), Хавтгаалж (Vanellus vanellus), Мөнгөлөг цахлай (Larus argentatus), Хөх дэглий (Ardea cinerea) зэрэг ус намгийн шувуудаас гадна, монгол болжмор (Melanicorypha mongolica), Хар хэрээ (Corvis corax), Дагуурын ятуу (Perdix dauricae), Шаазгай
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ