Увс нуурын дархан цаазат газар

Ерөнхий танилцуулга

Монгол орны нам дор газар орших, цаг уурын хувьд харьцангуй гандуу бүсэд хамаарагдах нуур, ус намгархаг газар, түүний эргэн тойрны цөлөрхөг хээр, цөлийн экосистемийн өвөрмөц тогтоц, суурин болон нүүдлийн шувууд, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Улсын Их Хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Увс нуурын дархан цаазат газар нь 441,223 га талбайг эзлэн далайн түвшнээс дээш 759 м өндөрт орших ба Их Нууруудын хотгортоо хамгийн нам дор газар юм.

 Увс нуур нь гадагшаа урсгалгүй, Монгол орны хамгийн том нуур бөгөөд усан мандал 3350 км2 /Ж.Цэрэнсодном. Монгол орны нуурын каталоги, 2000/ талбайг эзэлж, баруунаас зүүн тийш 84 км, хойноос урагшаа 79 км үргэлжилнэ.  

Нуурын эргэн тойрны Торхилог, Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Гашуун зэрэг гол тэдгээрийн цутгал орчмоор навчит, шилмүүст холимог ой, ойн төгөл ихтэй.  

Увс нуурын ДЦГ-т Гацуур (Picea obovata), Шинэс (Larix sibirica Ledeb), Улиас (Populus tremuloides), Бургас (Populus laurifolia Ldb), Чацаргана (Hippophae rhamnoides L) зэрэг модлог ургамлуудаас гадна 404 зүйлийн гуурст ургамал ургадаг. /Д.Энхсайхан/

Нуурын эргийн татмын шугуйд Бор гөрөөс (Capreolus pygargus), Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes), Азийн минж (Castor fiber), Эрээн хүрэн (Vormela peregugna), Шивэр гүлмэр (Hynobius keyserlingi), Голын халиу (lutra lutra), Халздай дорго (Meles meles), суусрын овгийн амьтдаас Усны булга (Mustela lutreola), Ойн солонго (Mustela sibirica), Эрээн хүрэн (Vormela peregugna), оготны овгийн Заарт харх (Ondatra zibetheca) зэрэг амьтад нутагшдаг.

Увс нуурын Тэс, Торхилог голын цутгал, адаг орчмоор Давжаа сугас (Altai's Dwart Osman), Тэсийн эрээлж (triplophysa gundriseri), Толбот эрээлж (Barbatula) зэрэг загастай.  

Увс нуурын сав газарт 22 баг, 56 овог, 185 төрөл, 367 зүйл шувуу тохиолдоно. (С.Гомбобаатар. Увс нуурын ай савын шувууд, 2020). Үүнээс нэн ховор 4 зүйл, ховор 9 зүйл бүртгэгдсэн. Борцгор хотон (Pelecanus crispus), Гангар хун (Cygnus cygnus), Гунгар хун (Cygnus columbianus), Халбаган хошуут (Platalea leucorodia), Хархираа тогоруу (Grus grus), Цасч дэглий (Egretta alba), Ямаан сүүлт нугас (Oxyura leucocephala), Итэлгэн цахлай (Lchthyaetus ichthyaetus), Ухаа шунгуур (Aythya baeri), Хээрийн галуу (Anser indicus), Цагаан сүүлт нөмрөг бүргэд (Haliaeetus albicilla), Хар өрөвтас (Ciconina nigrg) зэрэг ус намгийн шувууд бий.