2018 оны 11 сарын 26
Тусгай хамгаалалттай газарт хамрагддаг сумд болох Баяндалай, Сэврэй, Булган, Ханхонгор, Хүрмэн, Гурвантэс, сумдуудад уулын туруутан болон тал хээрийн туруутны судалгааг 2018 оны 10 сарын 28-ны өглөө 09 цагаас 14 цаг хүртэл хамгаалалтын захиргааны мэргэжилтэн,байгаль хамгаалагчид,идэвхитэн байгаль хамгаалагч, нутгийн ард иргэдтэй хамтран цэгэн тооллогын арга зүйгээр ажиглалт хийхэд 4 зүйлийн 908 бодгаль судалгаагаар тэмдэглэгдэж тоологдсон. Судалгааг Зүүнсайхан уулын 8 цэг дээр нийт Янгир ямаа- 91, Дундсайхан уулын 7 цэг дээр Янгир ямаа-102, Аргаль хонь-29, Баруунсайхан уулын 6 цэг дээр Янгир ямаа-40, Аргаль хонь-14, Баянцагаан нурууны 8 цэг дээр Янгир ямаа-125, Аргаль хонь-49, Зөөлөнгийн нурууны 3 цэг дээр Янгир ямаа-79, Баянбор нурууны 6 цэг дээр Янгир ямаа-81, Аргаль хонь-59, Гилбэнт уулын 6 цэг дээр Янгир ямаа-12, Нэмэгт уулын 6 цэг дээр Янгир ямаа-15, Аргаль хонь-2, Түвшин хайрхан дээр 3 цэгийн Аргаль хонь-7, Хэрмэн цавын цэг, Зургаан худгийн нуруунд Янгир ямаа, Аргаль хонь хараагүй. Нийт 6 сумын 10 багийн нутаг дэвсгэрт уулын туруутны ажиглалтын судалгааг цэгэн тооллогын аргазүйг ашиглан 52 цэг дээр ажиглалтыг хийлгэж, байгаль хамгаалагч нараар мэдээлэл цуглуулан нэгтгэн гаргалаа. Аргаль хонь буюу Ovis ammon ажиглалтын судалгаагаар Баянбор, Баянцагаан, Дундсайхан зэрэг уулсад Аргаль хонины тархалт, тогтвортой идээшлэх аргаль хонины гол байршил нутаг гэж үзэж байна.Сүүлийн жилүүдэд аргаль хонины тоо толгой эрс буурч ажигдагдаж байгаа ба ган гачиг,усны хомсдол, уулын задгай ус,бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэсэнээс дайжин, байршил нутаг нь малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл ажиглагдаж байна.Мөн түүнчлэн чоно, шилүүс, бүргэд зэрэг амьтдын хоол болж үхэж үрэгдэх явдал гарч байна. Агнуурын зүйлийн талаарх тодорхой менежмент, нэгдсэн бодлого, байхгүйгээс үүдэн тогтвортой бус хэт агналт хийгдэж байна. Хар сүүлт зээр буюу Gazilla subgutturosa ажиглалтын судалгааг цэгэн тооллогын аргазүйг ашиглан 169 бодгаль бүртгэгдэж тоологдлоо. Хар сүүлт зээр нь говийн тал хээр, заг бударганатай хоолой, уулын бэлээр тархан байршдаг. Сүүлийн жилүүдэд ган зудаас шалтгаалан ихээр нүүдлэх болсон. Гилбэнт, Нэмэгт уулын өвөр хоолой, Баяндалай сумын Төхөмийн хөндий, Сэврэй сумын Хонгорын элс, Эрээний уул, Баруун, Зүүн шургуулын загтай хоолойд мэр сэр тархацтай байна. Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван км аялал хийдэг. Сонсгол нь маш сайн, их хурдан цагт 55-62 км туулж чадна. Гол дайсан нь чоно. Ховордсон үндэслэл:Амт чанар сайтай мах,арьсыг хулгайгаар агнаж ашигладаг. Хэдий ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж,бэлчээрийн хомсдолд орж байна. Хулан буюу Equus hemionus ажиглалтын судалгаагаар Баянцагаан ууланд 2016 онд нийт 6, 2017 онд нийт-9, 2018 онд хийсэн тоо толгойн нөөцийг тодорхойлох судалгаагаар нийт 12 бүртгэгдэж тоологдсон.Хулангийн тоо толгой өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Үүнээс ГГБЦГ- багтдаг Гурвантэс сумын Хүрэн овооны адагт 1 хулан харж тооллогот бүртгэгдлээ. Цөл, цөлөрхөг хээрийн нам уулс, аараг толгод, тэдгээрийн завсрын уудам хөндий, хоолой, хотос, толгодын шил, билийн үетэн, шарилж, баглуур, бударгана, заг, харганат, элсэрхэг, хайрган болон дагжуур чулуурхаг газар нутаглана. Өвөл өвс сайтай бартаа нөмөртэй, ундлах цастай, зун, хавар, намар задгай ус бүхий бэлчээрт байршина.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ