Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт, Их нууруудын хотгорт орших 69.6 мянган км² газар нутагтай. Увс нь ОХУ-ын Тува улстай хиллэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 1336 км, Тува улсын Кызыл хотоос 436 км зайд байрладаг. Аймаг нь дөрвөд, баяд, хойд, хотон зэрэг олон угсаатны бүлэг, тэдний өвөрмөц хэл аялга, соёлыг хадгалсан нутаг юм.
1991 онд Увс нуур судлалын олон улсын симпозиумд Увс нуурын ай савыг дархан цаазат газар болгох саналыг дэвшүүлсэн нь тусгай хамгаалалтын эхлэл тавьсан. Увс нутгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллагууд 1980-аад оны сүүлээс нутгийнхаа унаган байгаль, баялгийг хамгаалах саналыг төр засагт тавьсаар ирсэн юм.
1993 онд Улсын Их Хурлын 83 дугаар тогтоолоор Увс нуур, Түргэн уул, Цагаан шувуут, Алтан элс зэрэг газар нутгийг Дархан цаазат газраар тогтоож, 1994 оны 3-р сарын 22-нд Байгаль орчны сайдын тушаалаар "Увс нуур" хамгаалалтын захиргаа байгуулагдсан. Хожим 2000 онд УИХ-ын 29-р тогтоолоор Хан Хөхийн нуруу, Хяргас нуурыг нэмж хамруулснаар тус газар “Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа” хэмээн нэрлэгдэх болжээ.
Увс нуурын ай сав нь дэлхийн хэмжээнд ховордсон байгалийн бүс, бүслүүрүүдийг цогцоор нь агуулдаг:
Увс нуур – Цөлийн болон ус намгийн экосистемийн хослол бүхий онцгой нуур.
Алтан элс – Элсэн манхан, баян бүрд, түүхэн дурсгал, ховор ургамлын өлгий.
Түргэн, Цагаан шувуут уулс – Мөнх цастай, мөсөн гол, хүрхрээ бүхий өндөр уулын бүс.
Хан Хөхийн нуруу – Ойт уул, цэнгэг уст гол горхи, биологийн төрөл зүйл элбэгтэй.
Хяргас нуур орчмын газар нутгууд – Цөлөрхөг ландшафт, усны шувууд олноор төвлөрдөг чухал бүс.
1997 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээнд
2003 онд Дэлхийн байгалийн өвд
2004 онд РАМСАР-ын конвенцод
2011 онд Монгол–ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар
2021 онд “Хил дамнасан шим мандлын нөөц” газар хэмээн албан ёсоор бүртгэгджээ.
Хамгаалалтын захиргаа анх 5 хүний бүрэлдэхүүнтэй, 1.5 сая төгрөгийн төсөвтэй байгуулагдсан бол 2003 он гэхэд 21 сая төгрөгийн төсөвтэй, 65 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болон өргөжсөн байна.
Одоогоор захиргаа:
816,552.82 га газар нутгийг хариуцдаг.
Увс нуурын ДЦГ – 441,223 га
Түргэн уулын ДЦГ – 130,473 га
Цагаан шувуутын ДЦГ – 33,304 га
Тэсийн голын БНГ – 103,704 га
Мөнгөт цахирын БДГ – 630.8 га
Эдгээр газар нутгийн хамгаалалтыг хангаж, судалгааны ажил зохион байгуулж, орон нутгийн иргэдтэй хамтран байгаль хамгааллын менежментийг хэрэгжүүлж байна.
Тус байгууллага нь:
Увс нуурын ай савын экосистемийн унаган төрхийг хамгаалах
Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх
Нэн ховор амьтан, ургамлыг хамгаалах
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ