2025 оны 01 сарын 16
2025 оны 1 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Н.Цогт-Очир, Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн, Байгалийн нөөц хариуцсан М.Ууганбаатар, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Э.Жавзансүрэн нар Увс нуурын дархан цаазат газрын нутгийн орчны бүсийн сум болох Увс аймгийн Тэс суманд ажилласан.
Увс нуурын дархан цаазат газрын Орлого хэсэгт төлөвлөж байгаа отоглох цэгийн солбицол авч, мэдээллийн санд бүртгэлээ. Мөн Увс нуурын дархан цаазат газрын Бага нуур хэсэгт 2023 онд Увс аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр байгуулагдсан Отоглох цэгийн солбицол, фото зураг авч, бичлэг хийж, баримтжууллаа.
Увс нуурын дархан цаазат газрын Давсны хэсэгт хяналт шалгалт хийж ажиллахад нутгийн малчид малд өгөх зорилгоор давс хуулж байсантай таарч, анхааруулга, сануулга өгч ажиллалаа. Цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар давсыг ашиглахгүй байхыг зөвлөж, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дархан цаазат газрын хориглох үйл ажиллагааг уншиж танилцууллаа.
Тэс сумын төвд Сумын Засаг дарга Г.Буяндалай, ИНХ-ын дарга Н.Магсаржав, ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэг, сумын БОТ, ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдад ТХГН-ийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсож, ажлын төлөвлөгөөнд тусгалаа. Дараа нь сургуулийн “Эко танхим”-ын үйл ажиллагаатай танилцаж, танхимын багш, Биологийн багш Бямбарагчаатай уулзаж, аргазүйн зөвлөмж өгсөн. Эко танхимын техник, тоног төхөөрөмжийн ашиглалт үйл ажиллагаа хэвийн байгааг нүдээр харж танилцлаа.
Хамгаалалтын захиргааны дарга Н.Цогт-Очир, Тэс сумын засаг дарга Г.Буяндалай нар хамтран ажиллах гэрээг 4 жилийн хугацаатай байгууллаа. Хавсралтаар хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
Байгаль хамгаалагч Д.Тулгаатай Тэсийн голын нөөц газарт ажиллаж, Төв азийн минжний тархац, байршилтай танилцаж, смарт программд бүртгэсэн.
Увс нуурын ДЦГ-ын Тэс хэсгийн байгаль хамгаалагчаар 17 жил ажиллаж байсан ахмад байгаль хамгаалагч, одоо идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа Б.Ганбатын ажил байдалтай танилцаж, Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэхийг гардуулж өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ