Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүс нь Монголын эзэнт гүрний төв хэсэгт Гурван гол нэмээн алдаршсан Онон, Хэрлэн Туул голуудын ай савыг хамарсан газар нутгийг эзлэн оршдогоороо байгаль, түүх, соёлын дурсгалын өлгий нутаг гэж зүй ёсоор нэрлэгддэг. Энэхүү ариун дагшин нутаг нь эртний чулуун зэвсгийн үеэс хойших түүхийн бүхий л үеийн дурсгалууд болох эртний булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөө, Түрэгийн жанжин Тоньюкукын гэрэлт хөшөө, Сарьдагийн хийдийн туурь, Гүнжийн сүм, Их Эзэн Чингис хааны амьдрал, тэмцэлтэй холбогдох Бурхан Халдун уул, Асралт Хайрхан, Хагийн Хар нуур, Хэрхлүүр нуур зэрэг үзэж харах зүйлсээр арвин газар нутаг болно. Иймээс хамгаалалтын захиргааны менежментийн томоохон хэсэгт байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах үйл ажиллагаа зүй ёсоор орно.

1. БИНДЭР ОВОО

Батширээт сумын төвөөс урагш 45 км зайд, Хурхын голын хөндийд, оршино. Биндэрьяа уулын үзүүр овоог XVII зууны үед анх Богд гэгээн Занабазар Ононгийн халуун рашаанд бараалхаад буцах замдаа Их Хэнтийн нурууны төгсгөл овоо, Ихсийн газар өршөөсөн нутаг хэмээн дээдлэн тахисан тухай домоглон ярилцдаг. Уг овоо нь Хөвчийн дайчин Жонон вангийн хошууны гол тахилга овоо болон тахигдсаар ирсэн түүхтэй бөгөөд 1930-аад онд тасарсан. Тус сумын харьяа зайран бөө Цэрэн Баавай 1970-д онд нууцаар тахиж байсан. 1990 онд сэргээн тахиснаас хойш Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр сумууд жил жилээр ээлжлэн тахисаар байна.

Биндэрийн овоо орчмын нутаг нь Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс, овог аймгууд, улс гүрний түүхийн олон үед хамрагдах дурсгалуудыг агуулж байдгаараа ихээхэн онцлогтой. Тухайлбал, овооноос зүүн өмнө зүгт Хурх, Зуухын Баян голуудын бэлчир рүү түрж орсон хошууны үзүүрийн мөрөгцөг дээрх палеолит, мезолит, неолитийн үеийн чулуун зэвсэг, хүн, амьтны зураг бүхий сүг зургууд, тамганууд, орхон-енисей, монгол, түвд, нанхиад зэрэг бичээсүүд бүхий Рашаан хад, Рашаан хаднаас хойш, Өглөгчийн горхины хойд талд орших Үзүүр цохион дээрх урдаа 2-3 хүн хөтөлсөн морьдын цувааг зурсан зургууд, мөн Рашаан хаднаас 2 км-т эргэн тойрондоо 12 дөрвөлжин булш бүхий 230-250 см өндөр, 41-42 см өргөн, ийм хэмжээний зузаантай элсэн чулуун хоёр буган хөшөө байдаг. Буган хөшөөнд нь 7 бугыг нийт талбайд нь хонхойлгон сийлсэн байдаг. Энэ орчмын түүх, соёлын дурсгалыг байгалийн сайхантай нь хослуулан үлдээх зорилгоор орон нутгийн хамгаалалтад авчээ.

2. РАШААН ХАД

Биндэрьяа уулын зүүн урд хормойд Рашаан хадны анхны судалгааны ажлыг ареологич Х. Пэрлээ 1943 онд хийсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа очиж судалсан байна. 1968 онд дахин судлах явцад нэгэн том чулуунд тогтсон хар хөгцийн дор элдэв зураг дүрс,  нүүрэн дээр 180 гаруй, ар талд нь 40 гаруй, сэрвээн дээр нь 50 гаруй дүрс сийлсэн байхыг ажигласан байна. Чулуун самбарын урт нь 6 м, өргөн нь 2-3 м, зузаан нь 0.6-0.7 м хэмжээтэй юм. Чулуун самбар дээрхи тамгуудыг нэг үед сийлэгдсэн зүйл биш болохыг ажиж сийлсэн арга барил, тэдгээрээс олдсон хадны зураг,  самбар чулууг малтаж гаргахад илэрсэн чулуун зэвсгийн зүйл, хүрэл зэвсгийн үеийн ваарны хагархай, Киданы үеийн ваарны хагархай зэрэгт үндэслэн шинэ чулуун зэвсгийн сүүл үеэс эхлэн МЭ Х зууныг дуустал үед нэмэн сийлсэн гэж үзэж байна.

3. ҮЗҮҮР ЦОХИОНЫ ХАДНЫ ЗУРАГ

Батширээт сумын нутаг дахь Рашаан хадны  ойролцоо орших Үзүүр цохио гэдэг жижиг хадтай толгойн зүүн хойд, хойд талд эртний овог аймгуудын тамга тэмдэг, адуу мал, хүний дүрс бүхий зургууд таруу байдалтай байрласан дурсгал бий. Хадтай толгойн зүүн хойд хэсгийн хойшоо харсан хаданд таваас зургаан адууг нэг нэгээр нь цувуулан, урд нь хоёроос гурван хүн хөтлөн явж байгаагаар нэг шулуунд зуржээ. Хүнийг ерөнхийд нь тоймлон сийлж, морьдыг өндөр урт, зэгзгэр биетэй, шулуун хөлтэй хөдөлгөөнгүй зогсож байгаагаар дүрсэлжээ. Энэ дурсгалууд нь Рашаан хадны дурсгалуудтай нэг цаг үед холбогдох юм.

4. ХАГИЙН ХАР НУУР 

Хэнтийн нуруу нь олон тооны жижиг нууруудтай бөгөөд хамгийн том нь Хагийн хар нуур, Хангал нуур юм. Туул голын баруун талын томоохон цутгалын нэг болох Хонгорын голын эхэнд д.т.д 1817.3 метрийн өндөрт оршдог. Хагийн хар нуур нь Хийдийн Сарьдгаас эх авч байсан эртний мөсдлийн хажуугийн моренд Ар хүлэр буюу Нуурын голын хөндий боогдсоноос үүссэн эртний мөсдлийн гаралтай үлдэгдэл нуур юм.

Нуур 2.7 км2 талбайтай 2.5 км урт, 1.1 км өргөн, эргийн шугам нь 6.2 км урт, дундаж гүн нь 25 м. Нуурт Хүлэр, Ар хийдийн горхиуд цутгах бөгөөд нуураас Хоолойн гол эх аван урсаж, Хүнхэр Харын голтой нийлэн Хагийн гол нэртэй болон урсдаг. Түүнчлэн энэ нуур нь “Монголын нууц товчоо”–нд Өхөртү Жубур хэмээн тэмдэглэгдэн үлдсэнийг бодоход түүхэнд холбогдох багагүй ач холбогдолтой нутгийн нэг гэж үзэх үндэстэй юм.

5. ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ

Энэ нь Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км зайд, Баян голын Өглөгчийн голд цутгаж буй цутгалаас дээш 8-10 км зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд оршиах ба уул түшүүлэн чулууг засалгүйгээр шавраар наалгүйгээр нямбайлан орж барьсан хэрэм юм. Хэрмийн урт ойроцоогоор 3 км орчим үргэлжлэх бөгөөд өмнө талдаа 2 хаалганы оромтой, дотроо жижиг далангийн үлдэцтэй. Өглөгчийн хэрмийн ханын чулуун өрлөг нь зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг ялган харахад төвөгтэй болсон. Ялангуяа, баруун өмнөд хэсэг дэх ханын өрлөг нурснаас жижиг цамхаг үүссэн байна.

Хэрмийн ханын хамгийн өндөр хэсэгтээ 3.1 метр, 2.5 метрийн зузаантай байна. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” гэх бөгөөд их хаан аян дайнд мордоод үдлэж байхдаа байгуулсан гэж энэ хэрмийг Чингис хаантай холбон домоглодог.  

6. ДУНД ЖАРГАЛАНТЫН БУГАН ХӨШӨӨ

Эдгээр буган хөшөөг хөх саарал өнгийн гантиг чулуугаар, бугыг нь зөвхөн хажуугаас нь ихэд гоолиг урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу төмбөгөр хондлойтой, богино сүүлтэй, урт нарийхан хөлтэй, хоншоорыг нь шувуу мэт урт нарийн, харин эврийг нь хээ угалз мэт дүрэлзсэн байдаг.  

                                                                                   

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now