2016 оны 05-р сарын 16
Хан Хэнтийн уулс нь Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хөрсний босоо бүсшил бүхий Хангай-Хэнтийн умардын субгумид хэв шинжид хамрагдах Монгол орны хамгийн чийглэг ой-тайгын хөрстэй газар нутаг болно. Хэнтийн уулсын хөрс нь ижил төсөөтэй Хөвсгөл орчмын хөрснөөс ялгагдах өвөрмөц онцлогтой. Илүү чийглэг нөхцөлтэй, хүйтэн өдрийн үргэлжлэх хугацаа арай бага зэргээс шалтгаалж хөрс нь харьцангуй илүү чийглэг, органикийн агууламж өндөр, намгархаг хэвшинжийн хөрс илүү тархсан зэрэг онцлогтой.
Бага ба Их Хэнтийн нурууны усны хагалбар уулс далайн түвшнээс дээш 2200-2800 м өндөрт өргөгдсөн учир эдгээр уулсын харьцах өндөр, зүг зовхисын байдлаас хамаарч хөрсний тархалтанд босоо бүсшлийн зүй тогтол тод илэрдэг. Уулын тундрын хөрс Монгол орны бусад уулархаг нутгийн хөрсийг бодвол харьцангуй сайн бүрэн гүйцэд хөгжсөн үе давхаргатай байдаг. Тайгын цэвдэгт болон тайгын ширэгт хөрснүүд нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлэх бөгөөд тод илэрсэн чандруулаг хөрс энэ нутагт тохиолддог. Монгол орны хамгийн зузаан 3-4 метр хүртэл зузаан хүлэрлэг хөрс Хэнтийн уулархаг нутагт байдаг онцлогтой.
Уулын тундрын хөрс нь ойн хилээс дээш тагийн бүслүүрт хад асга, чулуун илэрцийн хооронд хам бүрдэл үүсгэж алаг цоог тархана. Үүнд, уулын тундрын ширэгт хөрс нь хаг хөвд голлосон тэгшивтэр таг, тэдгээрийн өвөр хажуугийн дээд хэсгээр тархаж байхад уулын тундрын хүлэрлэг-глейт хөрс нь үргэлжилсэн тагуудын хооронд хөтөл гол горхиудын намагжсан эх, хунхын ёроол зэрэгт цас, мөс, борооны ус удаан тогтдог, ус чийгийн хангамж хэт илүүтэй, явган хуш, сөөг сөөгөнцөр, улалж, ногоон хөвд голлосон ургамалшил доор тогтворжино. Энэ хөрсний хаг хөвдөн хучаасных нь доор бараан бор юм уу, боровтор хүрэн өнгөтэй 6-18 см зузаантай, дээд хэсэг нь сулавтар ширэгжсэн, сайр чулуу ихтэй, ялзмаг хуримтлалын давхарга оршино. Энэ давхаргын доор шилжилтийн В давхарга, эсвэл хэмхдэс сайр чулуу голлосон ВС давхарга үргэлжлэх бөгөөд нунтаг шороо нь ялзмагт давхаргаас тод хурц бор өнгөтэй, механик бүрэлдэхүүнээр арай хүнд байна.
Ялзмагт давхарга дахь органик бодисын агууламж нь уулын тундрын ширэгт болон зосорхог глейт хөрсөнд 16.5-19.9%, уулын тундрын хүлэрлэг болон хүлэрлэг-глейт хөрсөнд (39.3-49.8%) хоёр дахин их байна. Эдгээр хөрсний урвалын орчин нь ойролцоо сулавтар хүчиллэг, хүчиллэг (рН=4.8-6.6) байгаа боловч гидролит хүчилшил нь зүй ёсоор хүлэрлэг хөрсний шим давхаргад их (25.7-35.5 мг-экв) байна. Механик бүрэлдэхүүний ангиллаар уулын тундрын эдгээр хөрс дунд шавранцарт хамрагдана.
Уулын тайгын цэвдэгт хөрс. Хэнтийн нурууны төв хэсгийг хамарсан Хан Хэнтийн дархан газрын хэмжээнд хамгийн их тархалттай энэ хөрс олон жилийн цэвдэг чулуулаг бүхий Дорнод Сибирийн хөвч тайгад тархсан мөн хэв шинжийн хөрсний үргэлжлэл юм. Уулын тайгын цэвдэгт хэв шинжийн хөрс нь Хэнтий нурууны өндөрлөг төв хэсгийн усны хагалбар уулс болон тэдгээрийн салбар дундаж өндөр уулсын зүг зовхисын бүх хажууд зузаан хөвдөн хучаастай анис, ямаан арц, сургар, нэрс, тэрэлж, бадаан, улалж голлосон сөөг, сөөгөнцөр ташингатай хуш-шинэс болон дан хушин ойд тогтворжино. Заримдаа модлог ургамлын төрөлд гацуур элбэг оролцоно. Хэнтийн нурууны төв хэсэгт хүйтэн, чийглэг уур амьсгал зонхилдогтой уялдаж олон жилийн цэвдэг хөрсний гадаргад (1-1.2 м гүнд) ойр орших нь энэ хөрсний тогтворжилтонд шууд нөлөөлдгөөс уулын тайгын цэвдэгт хөрс өргөн тархах нөхцлийг бүрдүүлдэг байна.
Уулын тайгын цэвдэгт хөрсний үе давхарга нийтдээ их сайр чулуурхаг учраас хур тунадасны ус хөрсөнд сайн нэвчиж шингэхийн зэрэгцээ ус үл нэвтрүүлэх цэвдэгт давхарга гадаргад ойр оршдог нь хөрсний тогтворжилтонд гол үүрэг гүйцэтгэдэг. Хөрсний илүүдэл чийгийн энэ нөхцөл нь хөрсөнд янз бүрийн хэв гажилт үүсгэдэгээс уулын тайгын цэвдэгт хөрсний тархалтын хүрээнд цэвдгийн нөлөөгөөр үүссэн бичил овон товон элбэг тохиолдоно.
Уулын тайгын цэвдэгт хөрсний өөр нэг хэв шинжид хамаарагдах уулын тайгын цэвдэгт өнгөнөөсөө төмрийн исэлтэй хөрс энд мөн тархдаг. Энэ хөрс уулын тайгын бүслүүрийн олон жилийн цэвдэгт давхарга гадаргад ойр орших нөхцөлд тогтворжих бөгөөд хөрс үүсвэрийн үйл явцад нь хөдөлгөөнт төмрийн нэгдлүүд хуримтлагдсанаас үүссэн харьцангуй тод зосорхог бор, улаавтар бор өнгөтэй генетик давхаргууд илэрдэг онцлогтой юм.
Хагас ялзарсан бүдүүн ялзмаг бүхий хүлрэнцэр давхарга зонхилдог учир ялзмагийн бодис ихтэй (31.8-54.1%).
Уулын тайгын ширэгт хөрс. Уулын тайгын ширэгт хөрс нь Хэнтийн нурууны төв хэсэгт багахан, харин түүний салбар дундаж өндөр уулсад их хэмжээний талбайд тархана. Энэ хөрс уулын ар хажууд уулын тайгын цэвдэгт хөрснөөс нам түвшинд уулсын бэл хүртэл тархах бөгөөд харин уулын өвөр хажууг бараг бүхэлд нь бүрхэж зарим нөхцөлд уулын тундрын ширэгт хөрстэй хиллэж тогтворждог. Энэ хөрсний тархалтын хүрээнд гадаргын урсац болон цасны нөлөөгөөр илүүдэл ус чийг хуримтлагдах боломжтой бэсрэг хотгор гүдгэрийн тодорхой нөхцөлд ус нэвтрүүлэх чадвар сайнтай сайргархаг хөнгөн шавранцар болон, морены гаралтай элсэнцэр хурдас чулуулаг дээр уулын тайгын ширэгт чандруувтар хөрс алаг цоог тархана. Эдгээр хөрс нь анис, тавилгана, нохойн хошуу зэрэг сөөгөнцөр, ойн улалж, унаган туруу, буржгар, шимтэглэй голлосон алаг өвс бүхий жигд биш хөвдөн хучаастай дан шинэсэн ба хус, нарстай холимог шинэсэн ойд тогтворжино.
Уулын ойн бараан хөрс. Хэнтийн нурууны захын дундаж өндөр уулсын Тэрэлж, Туул, Хараа голуудын өргөн хөндий рүү харсан хэвгий уулын хажуунуудад уулын тайгын ширэгт хөрстэй хил залгаж тогтворжино. Түүнчлэн харьцангуй нам гадаргатай Минж голын дагуух хил орчмын уулс, Онон, Хэрлэн голын зарим салаа голуудыг заагласан нам уулсад энэ хөрс элбэг тархана.
Уулын ойн бараан хөрс өвслөг ургамлын бүрхэвч сайнтай сийрэгдүү шинэс, хус-шинэс, нарс-шинэсэн ойд тархах бөгөөд олон жилийн цэвдэг чулуулаг харьцангуй доор орших тул хөрсний тогтворжилтонд онцлог нөлөө бараг үзүүлдэггүй. Харин удаан үргэлжлэх улирлын цэвдэг энэ хөрсний чийг, дулааны горим, морфологийн тогтоц, шинж чанарт багагүй нөлөөлнө. Хөрсний гадарга дээр унаж хагдарсан модны навч, шилмүүс, ургамлын дутуу задарсан үлдэгдлээс тогтсон ойн дэвсгэр хучаас үүссэн байдаг. Түүний зузаан нь 2-8 см-ээс хэтэрдэггүй. Ойн энэ хучаасны доор бараан саарал юмуу, боровтор туяатай хар саарал өнгөтэй ургамлын үндсээр шигүү торлогдсон, бөөмөрхөг бүтэцтэй, 7-20 см зузаантай, чийгтэй, ялзмаг хуримтлалын давхарга оршино. Энэ давхаргын бараан өнгө аажим бүдгэрч сайр чулуу элбэг тохиолдох шилжилтийн В давхаргаар солигдоно. Зарим хөрсөнд ялзмагт давхарга нь нилээд зузаан, доод хэсэг нь ялзмагаар будагдаж халтартсан байх бөгөөд ийм тохиолдолд АВ давхаргыг ялгаж үздэг. Энэ хөрсний хөрс үүсгэгч эх чулуулаг янз бүрийн механик бүрэлдэхүүнтэй байхаас гадна нэвт угаагдлын дүнд үүссэн карбонатын давсны хуримтлал тохиолдох явдал бий.
Уулын ойн бараан хөрс сайн ялзмагтсан байдаг А болон АВ давхарга дахь органик бодисын хэмжээ 12% хүрч ялзмагийн бүрэлдэхүүнд нь гумины хүчил давамгайлна. Энэ хөрсөнд органик бодисын эрдэсжилт сайн явагддагтай уялдаж урвалын орчин нь сулавтар хүчиллэг юмуу, саармаг байна. Харин уулын ойн карбонаттай бараан хөрсөнд урвалын орчин нь сулавтар шүлтлэгт ойртож очдог. Хөрсний шингээх цогц сууриудаар ханасан, шингэсэн кальци, магнийн хэмжээ ялзмаг хуримтлалын давхаргад 30-50 мг-экв хүрдэг зэрэг нь энэ хөрс байгалийн үржил шимээр сайн, ойн нөхөн ургалтыг хангах чадвар өндөртэй болохыг харуулж байна.
Уулын хар шороон хөрс үетэн-элдэв өвст уулын нугат хээрийн ургамалшил дор дундаж өндөр уулсын өвөр хажуу зэрэг ой модгүй хажуунуудыг дагаж тархана. Энэ хөрс уулын хажуугийн эвдрэлийн үйл явцад байнга нэрвэгддэг тул хөрсний үе давхаргууд нь нимгэн, гадаргаасаа эхлээд сайр чулуурхаг, сул тогтоцтой, карбонатын хуримтлал төдийлөн илэрдэггүй, үе давхаргуудын хоорондох шилжилт бүдэг байна.
Уулын хар шороон хөрс нь морфологи тогтоцын хувьд дараах үе давхаргуудаар илэрнэ. Үүнд, ялзмаг хуримтлалын А давхарга нь боровтор туяатай бараан саарал юмуу, хүрэвтэр бараан саарал өнгөтэй, ургамлын багсайсан үндэстэй, жижиг сайр чулуурхаг, 10-15 см зузаантай байх бөгөөд шууд шилжилтийн В давхаргад шилжинэ. Энэ давхарга мөн төдийлөн зузаан биш их сайр чулуурхаг, тод хүрэвтэр бор өнгөтэй байна. Уулын карбонатгүй хар шороон хөрсөнд энэ давхарга нь шууд хэмхдэс, сайр чулуурхаг хөрс үүсгэчгч чулуулгаар солигдох бөгөөд харин уулын карбонаттай хар шороон хөрсөнд бол В давхаргын доор карбонат хуримтлалын Вса давхарга оршино. Эдгээр давхаргын доор элюви-делювийн их сайр чулуурхаг хөрс үүсгэгч чулуулаг дэвсэж тогтсон байдаг.
Уулын хар шороон хөрсний ялзмагийн хэмжээ дээд давхаргад 4.1-13.4% хүрэх бөгөөд органик бодис нь гумат-фульват шинжтэй байна. Давсны хүчилд А давхаргын доод хэсгээс юмуу, шилжилтийн В давхаргыг өнгөрч буцлах боловч зарим газарт карбонатын хуримтлал илэрдэггүй уулын карбонатгүй хар шороон хөрс тохиолддог. Ийм хөрсний урвалын орчин саармаг байхын дээр гидролит хүчилшил нь бүх үе давхаргад бага /1.5-3.2 мг-экв/ байна. Харин хөрсний шингээх цогцод кальци ба магний ион давамгайлж 100 гр хөрсөнд 20-30 мг-экв байгаа нь энэ хөрс үржил шим сайнтайг илтгэх бөгөөд тархсан гадаргуугийн нөхцөлөөсөө болж зөвхөн бэлчээрт ашиглагдах боломжтой.
Аллювийн хөрс. Хэнтийн уулсаас эх авсан Туул, Ерөө, Онон, Минж зэрэг томоохон гол горхины татам, нам дэнжээр Аллювийн хөрс тархана. Аллювийн хөрс нь тод илэрсэн үелсэн давхаргуудтай, ерөнхийдөө зэгэл саарал өнгөтэй маш их хэмжээний төмрийн зосорхог толбуудтай байна. Ялзмагт давхарга нь 20-40 см хүртэл зузаан, ялзмагийн агууламж өндөр 5.00-10. %, урвалын орчин сул хүчиллэг-саармаг. Гүний ус ойрхон оршиж байгаа тул хөрсний доод хэсэг нь байнга глейт нөхцөлд байх ба элсэрхэг толбо судалтай газруудаар чийгийн хэмжээ багасч исэлдэх орчин бий болж байгаа учраас төмөр, манган нь бүрэн ислийн хэлбэрт орж улбар зосорхог өнгө үүсгэж байна. Шим тэжээлийн бодис фосфор дээд давхаргад хангалттай, доошоо хангалтгүй бөгөөд калий дунд зэргийн хангалттай байна. Аллювийн хөрсний үүсэл хөгжилд, газрын гадарга, үелсэн элс хайргархаг хурдаснаас гадна олон жилийн цэвдэг тодорхой нөлөө үзүүлэж байна. Голын татмын гадарга нь хотгор гүдгэр, салаа татуурга ихтэй, хөрсөн бүрхэвч нь нилээд алаг цоог байна.
Намгийн хөрс нь уулс хоорондын голын хөндийн адаг орчмоор тархах бөгөөд энд тэнд тогтоол ус үүссэн газраар тогтворжино. Хөрсний гадарга дээр улалж-хөвд зонхилсон, цэвдгийн нөлөөгөөр үүссэн дов сондуултай, ус чийгээр ханасан нөхцөлд тогтворжино. Чийгт гарлын хөрсөнд олон элементүүд, ус чийг хуримтлагдсанаас ялзмаг агууламж өндөр, бодисын хуримтлал ихтэй, исэлдэн-ангижрах процесс хавсран үйлчилдэг агааргүй орчин давамгайлдагаас глейжсэн болон дутуу задарсан органик үе давхрага үүссэн байдаг нь чийгт хөрсний онцлог шинж юм.
Олон жилийн цэвдэг хөрсний гадаргад ойр байдгаас дов овон товон үүссэн газар болон бургас, улалж, үетэн голлон ургасан газар, илүүдэл чийгтэй орчинд тогтворждог. Уур амьсгалын эрс хувьсамтгай байдлаас хөрсний чийг, дулааны горимд нөлөөлөн органик бодисын эрдэсжих явцыг удаашруулж улмаар хүлэрт намгийг үүсгэнэ. Газрын доорхи ус гадаргад ойр, гүний усны түвшин дээшилдэг, хур тунадасны ус тунаж нэвчсэн, цэвдгийн дээд талд түр зуур хөрсний ус үүсдэг, нуурын эрэг хөвөө газар байнга усанд автдаг зэргээс намгийн хөрс үүсэх нөхцөл бүрддэг онцлогтой.
Энэ хөрс жилийн ихэнх хугацаанд усан дотор орших бөгөөд гандуу жилд усны түвшин дөнгөж 20-40 см доошилно. Намгийн хөрстэй газарт хөрсний зүсэлт ухахад хүхэрт устөрөгчийн сулавтар эхүүн үнэр үнэртдэг. Зарим хөрсөнд маш муу эрдэсжсэн тод бор хүрэн өнгийн хүлэрт давхарга нь шууд сайр, хэмхдэс чулуун хурдас дээр барьцалдан тогтсон байдаг.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ