2016 оны 05-р сарын 16
Хан Хэнтийн ТХГ-т Монгол орны жигүүртний аймгийн зүйлийн бүрдлийн 40 орчим хувь нь тархсан байдаг. Амьтны аймгийн газар зүйн мужлалын хувьд өөрийн унаган зүйл байхгүй харин Палеарктикийн дэд мужид (Арктик, Сибир- Европ, Өмнөд палеарктик) хамрагдах 7 мужийн гарал үүсэл бүхий шувуудтай юм. Тус нутагт нийт 253 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 61 зүйл нь суурин амьдралтай, 180 зүйл нь (суурин амьдралтайг оролцуулаад) өндөглөн зусдаг, 57 зүйл нь уг газар нутагт зөвхөн нүүдлийн хугацаанд буюу дайран өнгөрөхдөө тэмдэглэгдсэн байна. Зургаан зүйл жигүүртэн Сибирээс ирж өвөлждөг.
Эндхийн шувуудаас 176 зүйл нь дулаан оронд очиж өвөлждөг гэж олонх судлаачид тэмдэглэжээ. Эдгээрээс ихэвчлэн 3 дугаар сарын эхээр алагтуу, турлиах, ангир (tadorna ferruginea), чогчоохой (oenanthe oenanthe) мэтийн цөөн зүйл Хэнтийн нурууны өвөр, цас багатай нутгаар ирж хаврын нүүдлийг эхэлнэ. Мөн 3 дугаар сарын 20-ны үеэр тогоруу (grus grus), тоодог, буурал галуу, нугас, хавтгайлж, мөнгөлөг цахлай, хөх дэглий, элээ (melvus migrans), зэрэг шувууд зусахаар ирдэг. Ихэнх зүйл шувууд Хэнтийн нурууг зөвхөн 5 дугаар сарын эхэн хагаст давах боломжтой болж Захар, Шороот, Минж голуудын савд орж ирдэг.
Тус районы шувуудыг үндсэн идэш тэжээлээр нь ангилан үзвэл, шавьжаар хооллогчид 133 зүйл, ургамлаар хооллогчид 61 зүйл, жижиг мэрэгчдээр 28 зүйл, загасаар 19 зүйл, элдэв идэшт 3 зүйл, хүүр сэгээр хооллодог 1 зүйл шувуу байна.
Амьдралын хэлбэрээр нь үзвэл модгүй өндөр уулс, ян сарьдаг, цармын шувууд 13 зүйл, ойн шувууд 57 зүйл, нуур гол чийгтэй газрын шувууд 24 зүйл, хад цохио, асганы шувууд 5 зүйл, тал хээрийн шувууд 7 зүйл, түгээмэл тархацтай буюу суурин бараадан амьдардаг синантроп шувуу 17 зүйл байгаа бөгөөд ховор шувууд 40 зүйл байгаагаас Монгол улсын Улаан номонд орсон 4 нэн ховор, 4 ховор, 12 зүйл, CITES-ийн 1, 2 дугаар хавсралтад орсон 4 зүйл шувуу байдаг (А.Болд, 1992).
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ