Монгол Улсын Их Хурлын 2000 оны 29-р тогтоолоор тус газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ба цогцолборт газар нь Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг дамнасан 425,246,6 га талбайтай бөгөөд “А” “Б” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нийт газар нутгийн 65,2 хувийг ойн эзлэх ба ОХУ-ын хилтэй 87 км хиллэнэ.
Хамгаалалтын захиргаа нь 2006 онд байгуулагдаж, орчны бүсийн Хэнтий аймгийн Дадал суманд байрлаж, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр цогцолборт газрын байгалийн унаган төрхийг хадгалах, биологийн олон янз байдлын судалгаа мониторинг хийж, үр дүнг үндэслэн хамгааллын ажлыг хэрэгжүүлэх, байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгалийн нөөцийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээлтийг хийх, аяллын бүтээгдэхүүнийг төлөвлөх, тэмдэгжүүлэх, сурталчлах болон орчны бүсийн иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, идэвхижүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, цогцолборт газрын үнэ цэнийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь ойт хээр, дагуурын хээр хосолсон өвөрмөц хэв шинж бүхий экосистемтэй, олон улсын хэмжээнд нэн ховор, ховордсон амьтан, ургамалтай, Онон голын ай сав нь цэнгэг усны эх сурвалж, ус намгархаг газрууд нь нүүдлийн шувуудын зусаал, үржлийн түшиц болдог байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд Их эзэн Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын баялаг өвт түүхэн аялалын бүс нутаг тул 2023 онд ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын дэлхийн сүлжээнд амжилттай бүртгэгдсэн.
Тус цогцолборт газрын 2024-2033 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө 2024 онд батлагдсан ба энэхүү төлөвлөгөөнд халиун буга, сибирь тул, цэн тогоруу, хонин тоодог гэсэн 4 зүйл, нарсан ой, татмын ойн гэсэн 2 экосистем, эрээний нурууны 1 бүлгэмдэл болон түүх, соёлын дурсгалт газар гэсэн 8 үнэт зүйлсийг төлөөлөл болгон сонгож, эдгээр зүйлсийг сонгон хамгаалах замаар дам хамгааллын ажлыг хэрэгжүүлж дээрх 10 жилийн хугацаанд дараах 5 стратегийг сонгон түүний хүрээнд 6 зорилт дэвшүүлэн 62 үйл ажиллагааг менежментэд оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр:
Германы сэргээн босголтын банкны санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөлд тус цогцолборт газар түүний орчны бүсийн 5 сумд 2016-2020 онд хамрагдаж, нийт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч, түүний хүрээнд хамгаалалтын захиргааны сургалт мэдээллийн төв, байгаль хамгаалагчийн 4 байр, түймрийн тоног хэрэгсэл бүхий фермер маркийн автомашин, ландкруйзер 76 автомашин, 15 ш мотоцикл болон бусад оффисын тоног хэрэгслээр хангагдаж, материалаг бааз тодорхой хэмжээнд сайжирсан.
Мөн Германы “Legacy landscape fund” сангийн санхүүжилтээр тус цогцолборт газар, түүний орчны бүс нутгийн менежментийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, амьжиргаа болон байгальд ээлтэй орон нутгийн эдийн засгийг дэмжсэн загвар тусгай хамгаалалттай газрыг бий болгохоор зорин “Өвлөгдөн үлдэх газар нутаг – Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төслийг Дэ Нэйче Консерванси (TNC) ба Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлэх ба төсөл 2024-2039 онд хэрэгжих юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ