2025 оны 05 сарын 16
Монгол улсын “Зэрлэг амьтдын санаачлага” НҮТББ болон Итали улсын Флоренцийн Их Сургууль хамтран “Монгол орны Алтай-Говийн цоохор ирвэсийн тархалт, нягтрал, хамгааллын өнөөгийн байдал болон мал, зэрлэг туруутантай зэрэгцэн орших нөхцлийг судлах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015-2019 онд Монголын баруун хойд хэсэг, 2022-2024 онд Алтайн говийн бүс нутагт Монголын судлаачид, олон улсын судлаачид, орон нутгийн байгаль хамгаалагчид, малчид хамтран Цоохор ирвэсийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны бүс болох Баянхонгор аймагт орших Их Богд уул нь Говь болон Алтайн нурууны салбар уулсын нэг бөгөөд төслийг хэрэгжүүлэгч байгууллагаас 2025 онд уг судалгааны ажлыг Их Богд уулын улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэхээр БОУАӨЯ-наас олгосон судалгаа, шинжилгээний ажил явуулах зөвшөөрлийн дагуу тус Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаж байна. Судалгааны ажлыг эхлүүлэн Их Богд ууланд автомат камер байршуулахаар “Зэрлэг амьтдын санаачлага” НҮТББ, Итали улсын судлаачид болох Francesco Rovero (Professor, University of Florence, Italy), Claudio Groff (Wildlife Department Provincia Autonoma Trento), Renato Rizzoli (Retired), Kushal Neupane (Student, Intern, Nepal) нартай хамтран Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Буянжаргал, Х.Сонинбаяр, Баянхонгор аймгийн Жинст сумын байгаль хамгаалагч Н.Жаргалсайхан, Богд сумын байгаль хамгаалагч Т.Мөнхжаргал, Баянговь сумын байгаль хамгаалагч С.Бат-Эрдэнэ, жолооч Э.Даваасүрэн нар 2025 оны 03 дугаар сарын 23-наас эхлэн 9 хоногийн хугацаанд ажиллав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ