2026 оны 04 сарын 01
Их Богдын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа 2026 онд Ирвэс хамгаалах сантай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Хангайн нурууны өмнөд хэсэгт орших хамгаалалттай бүсэд хөдөлгөөн мэдрэгч камер ашиглан цоохор ирвэсийн популяцийн элбэгшил, нягтшил, шилжилт хөдөлгөөний онцлогийг тодорхойлох мониторинг, судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн малчдын амьжиргааг дэмжих, хүн–амьтны зөрчлийг бууруулах зорилгоор “Мал хамгаалах ирвэс төв”-ийн малын эрсдэлийн санг бэхжүүлэх, хашаа хороог сайжруулах, ган зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна “Ирвэс энтерпрайз”, цагаан идээ боловсруулах төсөл зэрэг орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх санаачилгуудыг дэмжин ажиллана.
Хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэн байгаль хамгаалагчдыг дэмжих, Олон улсын ирвэс хамгаалах өдрийг хамтран зохион байгуулах, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь цоохор ирвэсийг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2026 он гарснаар талууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, Баянхонгор аймгийн Баянговь, Галуут сумдын удирдлага, малчид, орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэлэлцэн баталсан байна.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Их Богдын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор компьютер, өнгөт принтер, СМАРТ эргүүл, хяналт шалгалтад ашиглах гар утас, хөдөлгөөнт камерт зориулсан байгальд ээлтэй, дахин цэнэглэдэг TYNERGY брэндийн зай зэрэг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүллээ.
Энэхүү дэмжлэг нь хамгаалалтын менежментийг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, орон нутгийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ