Тост, Тосон Бумбын Нурууны Байгалийн Нөөц Газар

  • 2020 онд байгуулагдсан
  • 99535598
  • Өмнөговь аймаг Гурвантэс сум

Ерөнхий танилцуулга

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт орших бөгөөд Даланзадгад хотоос баруун тийш 360 км-т байрлана. Уг нуруу нь хойд талаараа Говь Гурван Сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн Их дархан цаазат газартай хиллэн оршдог тул эдгээр газруудын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн чухал коридор нутаг болдог.

Тост, Тосон бумбын нуруу нь Монгол орны физик-газарзүйн мужлалаар Алтай уулархаг их муж, Говь- Алтайн мужийн Говь-Алтайн зүүн тойрог, Говийн их муж, Алтайн Өвөр говь мужийн Заг Сүүжийн говь гэсэн 3 тойрогт хамаарна. Гадаргын хувьд тэгш биш өндөр уул нуруу, уудам хоолой, хотос хосолсон тул өндрийн зөрүү ихтэй. Тостын төв хэсгийн д.т.д 2,000 орчим метр өндөртэй уулс нь өргөргийн дагуу 60 км үргэлжилнэ. Уулсын эргэн тойронд говь цөлийн хуурай уур амьсгал бүхий цөлөрхөг хээр, хуурай ландшафт зонхилдог (Цэгмид, хээрийн 1969; Өнөрбаатар нар, 2004).

Ховордсон зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалж үлдээхийн тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан ба улмаар Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын (БНГ) ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.