НОЁН УУЛ-ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

Ерөнхий танилцуулга

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Үүний зэрэгцээ Ноён ууланд 100 тонн алтны нөөцтэй/ Дээр нь мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдсан. Нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй.

Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн гурван аманд нийт 230 орчим Хүннү булш бий. Дурсгалт газрын ихэнх булш газрын өнгөн хөрсөнд ил цухуйх дөрвөлжин хэлбэрийн гол байгууламж, түүний өмнө талд залгуулан байгуулсан урт гонзгой үүдэвчтэй Хүннүгийн язгууртны булшнууд юм. Нийт 1500 орчим булш бий гэж үздэг билээ. Түүнчлэн жирийн иргэдийн цагариган дараастай булш болон том булшны дагуул булшнууд бий.

БОАЖ Сайдын 2020 оны А/700 дугаар тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Ноён уулын хамгаалалтын чиг үүргийг хариуцуулж, мөн сайдын 2021 оны А/39 дүгээр тушаалаар хамгаалалтын хэсгийн орон тоо бүтцийг хэсгийн дарга 1, байгаль хамгаалагч 4 орон тоотой баталсан.

2024 оны 1 сараас батлагдсан төсөв, орон тоо бүхий 12 ажилтантайгаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” гэх бие даасан байгууллагын түвшинд ажиллаж байна.

Дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг тогтоон хилийг тэмдэглэсэн бетонон багана тэмдэг 12 ш, 8 ш зурагт сурталчилгаа бүхий самбараар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дүрэм журмыг сурталчлан ажиллаж байна.

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг ашигт малтмал, газрын тосны газраас Ноёнуулын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн үйл ажиллагааг зогсоож тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авсаны дагуу хамгаалалтын захиргаанаас хяналт тавин ажиллаж байна.

Ноён уулын ДЦГ-т ойн сан бүхий 8 нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрэн цуцалж, уул уурхайн зориулалт бүхий 5 компани, зуслангийн зориулалттай 1 ААН-ийн газар эзэмших лиценз эрх бүрэн цуцлагдсантай холбогдуулан дархан цаазат газрын хилийн зааг дотор үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөнийг зогсоон, үйлдвэрийн зориулалттай объект барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг хамгаалалтын бүсээс гаргуулах талаар хамгаалалтын захиргаанаас шат дараатайгаар арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.