Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны санаачилгаар 2026 оны 5 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан хаагчид, дээрх сумдын удирдлага, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн 80 орчим иргэн оролцлоо.
Оролцогчид тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, хамгаалалтын горим, газар ашиглалт, байгаль хамгаалал, хог хаягдлын менежмент, мөн мал аж ахуй, уламжлалт соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар өрхийн амьжиргааг дэмжих боломж, эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцсон юм. Тухайлбал, малчдын өвөлжөө, хаваржааны доорх газрын ашиглалтын эрхийг урт хугацаанд тогтвортой ашиглах, бүртгэлжүүлэх, баталгаажуулах, өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой бодит хүндрэл, тулгамдсан асуудлыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн Ононгийн халуун рашаан орчмын хамгаалалтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орчны бүсэд загасчлал, шувуу ажиглалт, байгаль орчны судалгаа, шинжилгээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ нутгийн иргэдийг тэргүүн ээлжинд хамруулах зэрэг саналуудыг иргэд илэрхийллээ.


