ХОВОР ШУВУУ, ЦООХОР ИРВЭС АЖИГЛАХ ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь аялал жуулчлалын судлаач, мэргэжлийн аялагчид болон холбогдох талуудтай хамтран ай савын хэмжээнд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, нөөцийг тодорхойлох, аяллын маршрут боловсруулах чиглэлээр судалгааны ажлыг нарийвчлан хийж байна. Тус судалгааны хүрээнд Увс нуурын ай савын өвөрмөц экосистем, биологийн олон янз байдал, ховор болон нэн ховор зүйлүүдийн тархац, амьдрах орчин, улирлын онцлогт тулгуурлан ховор шувуу ажиглах (birdwatching), Цоохор ирвэс ажиглах (wildlife watching) зэрэг байгальд түшиглэсэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судалж байна.
Мөн аялал жуулчлалын маршрутыг боловсруулахдаа:
• Ховор, нэн ховор шувууд болон зэрлэг амьтдыг ажиглах боломжтой цэг, бүсийг тодорхойлох;
• Улирлын онцлог, цаг агаар, замын нөхцөл, аялагчдын аюулгүй байдлыг харгалзан маршрут боловсруулах;
• Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, даац, эмзэг бүс нутгийг тооцох;
• Орон нутгийн иргэд, нөхөрлөл, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх;
• Мэргэжлийн хөтөч, байгаль хамгаалагчийн оролцоотой аяллын бүтээгдэхүүн бий болгох;
• Гэрэл зурагчин, шувуу судлаач, зэрлэг амьтан сонирхогч зэрэг тусгай сонирхлын жуулчдад зориулсан аяллын багц, маршрут боловсруулах зэрэг асуудлыг хамруулан ажиллаж байна.
Увс нуурын ай сав нь нүүдлийн болон усны олон зүйлийн шувуудын чухал амьдрах орчин төдийгүй Цоохор ирвэс зэрэг ховор, нэн ховор зүйлийн амьдрах орчныг багтаасан байгалийн өвөрмөц бүс нутаг юм. Иймд байгалийн үнэ цэнэ, биологийн олон янз байдлыг хамгаалах зарчимд тулгуурлан “хамгаалалт, судалгаа, орон нутгийн оролцоо, хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн зарчмаар тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь байгаль хамгаалал болон орон нутгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнд Увс нуурын ай савын хэмжээнд ховор шувуу болон Цоохор ирвэс ажиглахад тохиромжтой маршрутуудыг нарийвчлан тодорхойлж, цаашид байгальд ээлтэй, мэргэжлийн түвшний, өндөр үнэ цэн бүхий тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
