“ТӨВ АЗИЙН ЭКОСИСТЕМ: СУДАЛГАА, ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТ” СЭДЭВТ УВС НУУРЫН ОЛОН УЛСЫН XVII СИМПОЗИУМ БОЛЛОО
2026 оны 9 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотноо “Төв Азийн экосистем: судалгаа, хамгаалалт, ашиглалт” сэдэвт Увс нуурын олон улсын XVII симпозиум зохион байгуулагдлаа.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Мөнхдорж, Менежмент төлөвлөгөө, судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Лхамсүрэн, Монгол Улсын Их Сургуулийн доктор, профессор С.Гомбобаатар, Монголын Ирвэс төвийн захирал, доктор Б.Мөнхцог, Монголын Шувуу хамгаалах төвийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн симпозиум нь хил дамнасан дархан газрын хамтын ажиллагаа, “Увс нуур” туршилтын хүрээнд дэх Монгол, Оросын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил эхэлсний 35 жилийн ой, мөн ОХУ-ын Ард түмний нэгдлийн жилд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Симпозиумын үеэр Тувагийн Их сургуулийн удирдлагууд, Монгол Улсын Их Сургууль болон Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны төлөөлөл оролцсон эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулагдсан. Уулзалтаар хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах, эрдэм шинжилгээний чиглэлээр судлаач, багш, оюутан солилцох боломжийн талаар санал солилцсон.
Мөн Увс нуурын ай савын хэмжээнд хийгдсэн шувууны судалгааны үр дүнг Монголын Шувуу хамгаалах төвийн судлаачид эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж, судалгааны цаашдын чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол, Оросын хил дамнасан дархан газрын хамтын ажиллагааны хүрээнд Улаангом хотноо зохион байгуулагдсан 10 дугаар хуралдаанаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
