2016 оны 06-р сарын 14
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний үйл ажиллагааг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлын хүрээнд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж хэрэгцээт мэдээмэдээллийг иргэддээ түргэн шуурхай, соёлтой, хүнд сурталгүй, хүртээмжтэй хүргэх, тусгай хамгаалалттай газар нутгийг нийтэд сурталчлахын тулд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн системийг ашиглалтанд оруулж байна.
Энэхүү нэгдсэн системийг Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүх хамгаалалтын захиргаадаас гадна тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын баазууд ашиглах бөгөөд хамгаалалтын захиргаад өөрийн үйл ажиллагааны болон шинэ мэдээ мэдээллийг оруулах, хариуцаж буй ТХГН-ийн талаарх бүхий л хэрэгцээт мэдээллийг нийтэд түгээх, сурталчлах, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах жуулчны баазуудын мэдээллийг нэгтгэн удирдах, тусгай хамгаалалттай газар нутгийн газарзүйн онцлогоос эхлээд амьтан, ургамалын талаарх мэдээллийг авах, газрын зураг ашиглах, мэдээллээ бусадтай хуваалцах, үнэлгээ өгөх боломжтой.
Түүнчлэн нэгдсэн систем нь Монгол, Англи хэл дээр ажиллах тул гадаад дотоодын жуулчид шаардлагатай мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээлэл цуглуулах, аялал жуулчлал хийх газраа зөв сонгоход туслалцаа үзүүлэхээс гадна ухаалаг гар утас ашиглан хэрэгцээт мэдээллээ авах боломжийг олгож байна.
Системийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран “Смарт грийн технологи” ХХК гүйцэтгэсэн байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ