-Та БОАЖ-ын сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ. Байгалийн баялгийг ид ашигладаг намрын улирал эхэлсэн болоод ч тэр үү танай салбартай холбоотой мэдээлэл их цацагдаж байх шиг байна?

- БОАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирэх дөрвөн жилийн зорилт, үйл ажиллагаагаа төлөвлөн ажлаа эхлээд байна. МАН-ын удирдлага, хамт олон, УИХ-ын гишүүдийн маань илүү ихийг хийгээрэй гэж итгэл хүлээлгэсэн хоёр дахь томилолт. Төрийн бодлогын залгамж шинж, уялдаа холбоог хангаж, өмнөх зөв бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө зүтгэж ажиллана. Өнөөдөр улс орон, ард иргэдийн маань өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол эдийн засгийн хүндрэл, бэлэн мөнгөний хомсдол. Үнэхээр энэ намар байгалийн баялгаасаа хүртэж, амьдрал ахуйгаа залгуулах гэсэн үзэгдэл хавтгайрах шинжтэй болж байна. Эдийн засаг хямарсан, ард иргэд ажилгүй, орлогогүй байгаа учраас үүнийг шууд буруутгаж, таслан зогсоох хэцүү. Нөгөө талаас хүмүүсээ орлоготой болгох гээд байгаль орчноо сүйтгүүлээд байж болохгүй. Иймээс зүй зохистой ашиглах, ард иргэдийн оролцоотой хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг арвижуулан нөхөн сэргээх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгохоор     Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад явж байна.

-Орхон голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн асуудал олон удаа яригдаж байгаа. Ойрын үед бодитой үр дүнд хүрэхүйц ямар ажил хийх вэ?

-Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж эхэлсэн. БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болон орон нутгийн Байгаль орчны газар удаа дараа шалгалт хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа боловч төрийн байгууллагуудын шаардлагыг үл ойшоож, үйл ажиллагаагаа урьдын адил хууль зөрчиж явуулсаар байна. Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэл нь одоо болтол батлагдаагүй байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа. Энэ шаардлага, албан бичгээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Гэвч байдал өөрчлөгдөхгүй, ужгирсан байдалтай байгаа учраас асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Энэ долоо хоногийн сүүлээр Цэнхэр сумын Орхон багийн ард иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ынхны хамтарсан өргөн хэлэлцүүлгийг бид газар дээр нь зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллаж, хамтын хүчээр асуудлыг шийднэ.

-Уул уурхайн компаниуд ус бохирдуулж буй асуудал ганц Орхон голоор тогтохгүй. Цаашид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэвшүүлэхэд салбарын яамнаас юу хийх вэ? 

-Төр нь хууль дүрмээ ягштал мөрдүүлдэг, аж ахуйн нэгжүүд нь үүрэг, хариуцлагаа ухамсарладаг тийм хэвшлийг тогтоох чиглэл рүү бид тууштай явах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой асуудлууд тусаж байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Алт” хөтөлбөрийн хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж, нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэхэд анхаарал хандуулна. Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 500 гаруй нэгж талбарт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон байна. Эдгээр газрын нөхөн сэргээлтэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарсан байна. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр тусгайлсан хууль боловсруулахаар төлөвлөж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан ч уг хуулийг хэрэгжүүлэх журам хараахан гараагүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх журмаа ойрын үед баталж мөрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хаягдал усны төлбөрийг тооцох журмыг гаргана. Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд ч тодорхой хуримтлал үүснэ.

-Ус бохирдуулсны төлбөрийн асуудал Туул голд ч хамаатай байх. Туулын бохирдлыг багасгаж, урсацыг нэмэгдүүлэх ямар төлөвлөгөө байна вэ?

-Мэдээж хамаатай байлгүй яахав. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул гол маш их бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг   концессийн гэрээгээр хийхээр нийслэлийн ЗДТГ-аас техник эдийн засгийн үндэслэлийн төслийг Францын компаниар хийлгэж байгаа. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд урьдчилсан байдлаар 600 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.   Энэ мөнгийг олж, цэвэрлэх байгууламжаа шинэчлэхээс өөр арга байхгүй. “Харгиа” цэвэрлэх байгууламжид 28 аж ахуйн нэгж, байгууллага бохир усаа нийлүүлж, эдгээр аж ахуйн нэгжийн хохирол стандарт хэмжээнээс 1,8 дахин их байдаг гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.  Цаашид   ус бохирдуулсны төлбөрийг авдаг болох, голын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг таслан зогсоох зэрэг ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Бид жилд 1-2 удаа Туулаа хамгаалах өдөртэй болж, тэр өдрөөрөө бүрэн цэвэрлэгээ хийдэг болно. ТББ-ууд, ард иргэдийнхээ санал, санаачлагыг дэмжиж, хамтын ажиллагааны механизмыг хэлбэршүүлэх ёстой гэж үзэж байгаа. Туул голыг хамгаалах асуудлаар БОАЖЯ, нийслэлийн удирдлагын нягт хамтын ажиллагаа чухал учраас БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэг Туул голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг нягталж үзээд дараа дараагийн холбогдох арга хэмжээг авна. Ер нь хуулийн хүрээнд нэлээд хатуу хяналт, шаардлага тавьж, хаана хаанаа үүрэг хариуцлагаа өндөржүүлж байж Туулаа авч үлдэх байх аа.

-Туул голын орчныг сайжруулах төслийн сураг гараад байсан. Юу болсон бэ?

- Эдийн засаг хүндрэлтэй үед олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийг байгаль орчны тулгамдсан асуудлуудаа шийдэхэд зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Туул голын орчныг тохижуулж, урсацыг сайжруулах чиглэлээр хоёр ч төсөл хэрэгжихээр болж байгаад баяртай байгаа. АНУ-ын Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалт Монгол Улсын усны салбарт, тэр дундаа   Улаанбаатар хот орчмын усан хангамжийг сайжруулахад чиглэхээр гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна. Төслийн үр дүнд Туул голын урсац, усны нөөц нэмэгдэж, төв цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн байхаар урьдчилсан дүр зураг харагдаж байна. АХБ-ны “Туул голын орчныг сайжруулах” төсөл хэрэгжихэд үндсэндээ бэлэн болсон. Бид төслийн саналаа нийслэлийн удирдлагатай нэгтгэх ажлыг хийж байна. Нийт 1.2 сая хүн амьдардаг нийслэлийнхэнд өгөөжтэй үр дүнд хүрэхүйц хэмжээнд төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Мөн Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 197 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудлыг гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьж, жишиг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 8000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилын сан зэрэг байгууллагад асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн хавар салбарын сайд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт гарын гарын үсэг зурсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх талаар юу хийж байна вэ?

-Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал манайд ч хүчтэй нөлөөлж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн. Одоо уг хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар яаралтай соёрхон батлуулахаар ажиллаж байна. Парисын гэрээний хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үүднээс дэлхийн олон улс оронд санхүүгийн хөшүүрэг болох “Уур амьсгалын ногоон сан”-г бүрдүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр хөгжиж байгаа орнуудыг дэмжих санхүүгийн хуримтлал бий болж байна. Санхүүжилт авахын тулд улс орнууд бие биенээсээ урьтаж уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх төсөл хөтөлбөрөө өгөх ёстой байдаг. Манай улс ч хоцрохгүйн тулд яаралтай батлах шаардлага тулгарч байна. Тиймээс эхний ээлжинд Байгаль орчин уур амьсгалын санг байгуулж, дараа дараагийн ажлыг хийхээр бэлтгэл хангаж байна.

-Кувейт-Монголын судалгааны төвийн үйл ажиллагаа өнөөдөр ямар төвшинд явагдаж байна вэ. Таныг уг төвийг хувьдаа завшчихсан мэтээр мэдээлэл цацагдсан учраас асууж байгаа юм л даа?

-Монгол Улсын Засгийн газар, Кувейтын Засгийн газар хооронд байгуулсан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд уг судалгааны төвийг байгуулж, 2015 оны аравдугаар сард барилгыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэсэн ч ашиглалтын зардал нь шийдэгдэхгүй байсаар олон асуудал үүссэн. Нэгдүгээрт, барилга нь чанаргүй баригдсан, хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээний холболт бүрэн хийгдээгүй зэргээс болж зарим барилга нь эвдэрсэн. Мөн цахилгаан, дулаан гээд урсгал зардлууд шийдэгдэхгүй хүнд байдалд байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолоор судалгааны төвийн үйл ажиллагааг жигдрүүлж төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх шийдвэр гарч, менежментийг БОАЖЯ хариуцна гэж талууд гэрээ байгуулсан. Өнөөдөр судалгааны төв хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Судалгааны төвийн барилгыг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг бид хөөцөлдөж байна.

-Шонхор шувуу экспортлох асуудал байнга л хэл ам дагуулдаг. Өнөөдрийн байдлаар экспортод гаргаж байна уу?

-Үндэсний бахархалт шонхор шувууг ашиг олох зорилгоор хил давуулахыг таван жилээр хориглосон Засгийн газрын тогтоол 2013 онд гарсан. Өнөөдөр уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхдээ зөвхөн төрийн өндөр дээд түвшний албан айлчлалын үед соёлын зориулалтаар маш цөөн тоогоор барих зөвшөөрлийг олгож байхаар тогтсон юм билээ. Мөн шонхор шувуу хөдөөгүүр тавьсан эрчим хүчний шугаманд цохиулж үхэж байгаа гэх мэдээлэл бидэнд их ирдэг. Өмнө би энэ салбарын сайдаар ажиллаж байхдаа эрчим хүчний шугамуудыг шувуу үргээх сэнс, шувуу суух зориулалтын суудалтайгаар барих, нэгэнт стандарт бусаар баригдсан шугамнуудыг ч, хэрхэн өөрчлөх зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар Эрчим хүчний яамтай ажлын хэсэг гарган ажиллаж байсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг сэргээгээд ажиллаж байгаа.

-Хууль бусаар самар түүгчид ойд “бэлчиж” байна. Энэ үйлдлийг яаж хязгаарлах боломжтой вэ?

-Жилийн жилд л самрын болц гүйцээгүй, түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацаа болоогүй байхад ийм үзэгдэл болдог. Энэ жилийн тухайд бүр ч илүү байна гэж иргэд болон хяналт, шалгалтаар явж байгаа холбогдох газруудаас мэдээлэл ирж байна. Хичээл, сургуулийн цаг болсон, ард иргэд маань орлого багатай байгаатай ч холбоотой. Энэ жил зуншлага сайхан болсон учраас самар эрт болсон байна.

Ард иргэдийнхээ орлогын эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгож самар түүж бэлтгэх өмнөх журамд өөрчлөлт оруулж, ирэх есдүгээр сарын 10-наас эхлэн түүж бэлтгэх зөвшөөрөл олгохоор Хууль зүйн яаманд хүргүүлээд байна. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд маань өгөөж хишгээ өгч байгаа хуш модоо хайрлаж, гал түймэр тавилгүй, сонор сэрэмжтэй байгаарай гэж салбарын сайдын хувьд захимаар байна. Ард иргэд маань байгалийн өгөөж хишгээ зөв хүртэнэ гэдэгт итгэж байгаа.

-Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ойрын үеийн төлөвлөгөө, зорилт юу вэ?

-Бид ирэх жилүүдэд бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ чиглэлд бодитой ахиц дэвшлүүд ч гарч байгаа. Саяхан Цайны зам дагуух Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдсан. Ингэснээр эдгээр гурван улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд бодит утгаар нь санал болгох ажлын эхлэлийг тавилаа. Мөн 33 улс нэгдсэн Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ирэх аравдугаар сард “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд виз болон хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлалын дэд бүтцийн асуудал, тэр дундаа орон нутгийн баазууд, зочид буудал, дэн буудлын стандарт, зэрэглэл тогтоох, аяллын гол марштрутуудаа гарган, тэр дагуу стандарт шаардлага хангасан 00-той, хоолны газартай, жижиг дэлгүүр зэрэг үйлчилгээтэй цогцолбор барьж байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, нүүдэлчин ахуй, цэлгэр уужим нутаг гээд Монголын өвөрмөц сайхан бүхнийг үзэх гэсэн гадныхан маш олон бий. Тэр бүхнээ бүтээгдэхүүн, баялаг болгохын тулд олон улсын жишиг стандартад нийцсэн үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэх цаг болсон. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн их боломж бий. Энэ асуудлаар хоёр хөрштэй хил залгаа аймгууд нэлээд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад   өнгөрсөн долдугаар сард ирсэн жуулчдын тоо 61970-д хүрсэн нь өмнөх оноос нэг хувиар өссөн дүнтэй байна. Бид жил бүр Монголд ирэх жуулчдын тоог үе шаттай нэмэгдүүлэхийн төлөө тодорхой зорилтууд тавьж байгаа.

- Ирэх аравдугаар сард болох олон улсын хурал Монголын аялал жуулчлалын хөгжилд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Энэ оны аравдугаар сарын 13-15-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” Торгоны замын олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг хурал Монгол улсын аялал жуулчлалын бодлогыг олон улсын өндөр дээд хэмжээнд сурталчлан таниулах, цаашид аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлж, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцоно. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нар болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдах учраас бараг л хоёр дахь АСЕМ гэмээр томоохон арга хэмжээ юм. 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болох зорилт тавьсан байдаг. Энэ зорилтоо бататгах, өөрийн орны аялал жуулчлалын брэндүүдийг олон улсын зах зээлд баталгаажуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэхчилэн энэ хурлаас бидэнд үлдэх өгөөж их. Хурлын үеэр нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярьж, дахин сэргээх, өвлүүлэн үлдээхэд тулгарч буй саад бэрхшээл, боломж бололцооны талаар зөвлөлдөнө.

-Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд салбар бүрт л таналт хийж байх шиг байна. Танай салбарт энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Улсын төсвийн орлого эхний 7 сарын байдлаар 1.8 их наяд орчим төгрөгөөр тасарч байгаа тул Засгийн газраас Монгол улсын 2016 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Монгол Улсын бүх төсөвт байгууллагуудад хийгдэж байгаа төсвийн тодотгол байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг ч тойрохгүй.   БОАЖ-ын сайдын багцаас төрийн өндөр болон төрийн захиргааны ажилтнуудын цалинг бууруулахад 81.6 сая төгрөг, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан, холбоо, интернэтийн төлбөр, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс, урсгал засвар, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг зардлуудыг тодорхой хувиар болон зарцуулаагүй үлдсэн үлдэгдлүүдээс 524.8 сая төгрөг, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ, баяр, наадам, тэмдэглэлт ой, гадаад харилцаа зэрэг ангиллын зардлаас 198.4 сая төгрөг, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээний зардлаас 1 тэрбум 350.2 сая төгрөг, аялал жуулчлалын зардлаас 370.1 сая төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгөг хасахаар төлөвлөсөн. Манай яамнаас хямралыг хэрхэн даван туулах тусгай төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ төлөвлөгөөнд байгаль орчны салбараас орж байгаа орлогыг нэмэгдүүлэх, нэмэлт орлого олох боломжийг судлах, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг ажлуудыг тусгаж байна. Мөн Төсвийн тухай хуулийн дагуу 2013 оноос ус, ой, ан амьтан, ургамал ашигласны татвар хураамж орон нутагт ордог болсон. Эдгээр орлогууд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах ёстой боловч тэр бүр зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа. Иймд байгалийн нөөц ашигласны орлогын тодорхой хувийг бодлогын яаманд төвлөрүүлж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай гэж үзэн асуудлыг судалж байгаа.

- Ер нь эдийн засгийн хямралын үеийг хэрхэн хүндрэл багатай давж болох вэ. Туршлагатай улстөрчийн хувиар байр сууриа илэрхийлнэ үү.Тойргийн сонгогчидтойгоо уулзахад юу ярих юм бэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн хямралыг үүссэн шалтгаан бодит байдлыг манай ухаантай ард түмэн бие сэтгэлээрээ бүрэн ойлгож байгааг Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийнхоо иргэдийг төлөөлсөн 1000 гаруй сонгогчтой хийсэн уулзалтаас мэдэрсэн. Улс орноо өрийн дарамтаас гаргаж, уналтад орсон эдийн засгаа сэргээж, хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өмнө нь төсөөлж байгаагүй санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч байна. Гэсэн хэдий ч бид сонгогдсон, томилогдсон эхний өдрөөс эхлээд ард түмэндээ амласан амлалтуудаа хэрэгжүүлж, эдийн засгаа эрүүлжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Бидний өмнө эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, монгол төгрөгийн худалдан авх чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдийн ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон томоохон сорилт тулгарч байна. Улс орны хэтэвч нимгэн эдийн засаг хүндхэн байгаа ч Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг олгож, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Хямралыг хэрхэн давах шийдвэрээ Засгийн газар танилцуулсан. Ард иргэд маань бодит нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа нь биднийг урагшаа харж ажиллахад их дэм болж байна.

 

                                                                    Эх сурвалж: Өдрийн сонин

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now