БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизовтой уулзаж, санал солилцлоо.

Элчин сайд И.К. Азизов хүлээн авч уулзаж буй БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлж, Сэлэнгэ, Орхон, Эгийн голууд дээр барихаар төлөвлөж буй усан цахилгаан станцуудын төсөл Байгаль нуурын эко системд нөлөөлж болзошгүй талаар Оросын тал санаа зовинож байгааг илэрхийлэв. Тэрбээр Байгаль нуурын эко системийг хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, байгаль  орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээ хийх зэрэг асуудлаар Монголын талтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй гэв.

Түүнчлэн хил орчмын усыг ашиглах, хамгаалах тухай хоёр улсын хамтарсан комиссын үйл ажиллагааг   эрчимжүүлэх хэрэгтэй гэлээ. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сэлэнгэ, Орхон, Эгийн голуудад хэрэгжүүлэхээр яригдаж буй төслүүд Байгаль нуурын эко системд  нөлөөлөх  нөлөөллийн асуудалд хариуцлагатай хандаж, судалгаа шинжилгээг сайтар хийх ёстой гэж үзэж буй Элчин сайдтай санал нэг байгаагаа  илэрхийллээ. Тиймээс холбогдох судалгаа, шинжилгээг хамтран хийх  ажлыг яаравчлуулж, асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм.  

Мөн хоёр улсын хил орчимд гардаг ойн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах, Завхан аймгийн Тэс суманд байгуулагдсан  гал түймэртэй тэмцэх ангид Оросын талыг дэмжлэг туслалцаа үзүүлж, ажиллахыг хүслээ. Элчин сайд И.К. Азизов БОАЖ-ын сайдын хүсэлтийг холбогдох газар  уламжлахаа илэрхийлж,  ойн түймэртэй тэмцэх асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллахад анхаарал хандуулахаа илэрхийллээ.   

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа хил орчмын аялал жуулчлалын асуудлаар хамтран ажиллах шаардлагатай гэв.  Хил гаалиар нэвтрэх асуудлыг хөнгөвчлөх нь  иргэд харилцан зорчих, аялж жуулчлах нөхцөл бололцоог илүү нээлттэй болгох тул энэ  асуудлаар хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжиллаа.

ОХУ-ын зүгээс зарим  хилийн  боомтыг хаах асуудал яригдсан. Үйл ажиллагаа нь жигдэрсэн боомтуудаа хаах биш, илүү нээлттэй болгож хамтран ажиллах, иргэдийн харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх өргөн боломжтойг БОАЖ-ын сайд мөн онцоллоо.

Элчин сайд И.К. Азизов БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тавьсан асуудлуудыг анхааралдаа авч, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now