БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамтарсан баг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын нөхцөл байдалтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Ганга нуурын ус сүүлийн нэг сард огцом татарсан байна. Нуурын сайр хатаж, сул цагаан шороо босчээ. Цөөн тооны бор галуу, хун шувууд нуурын 10 хүрэхгүй хувьтай үлдсэн усан толион дээр бөөгнөрөх дүр зураг үзэгдэнэ. Энэ зун долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн, олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ. Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэснээс малчид малаа Ганга нуур, түүний усаар тэжээдэг Оргих, Баянбулагаас услах болсон нь нуурын усны ширгэлтэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьж байна. Цаг агаарын хуурайшилт, малын ачаалал зэргээс болоод   Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарчээ. Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байна.  

Одоогийн байдлаар Ганга нуурын ойр орчимд байрлах 37 өрхийн 31 орчим мянган мал Ганга нуур, Оргихын булаг, Баян булгийн уснаас ундаалж байна. Түүнчлэн Ганга нуур орчимд гол төлөв хаврын улиралд нэлээд газрыг хамарсан хүчтэй хуй салхи салхилдаг. Салхины улмаас нуурын ёроолыг элс дарж, усны татралтад мөн нөлөөлж байгаа ажээ. Орон нутгийн удирдлагуудын зүгээс малын ачааллыг багасгах, нүүлгэн шилжүүлэх зэрэг боломжит ажилыг хийж гүйцэтгээгүй байна. Цаашид Ганга нуурыг хамгаалах чиглэлээр юу хийх талаар дээрх төрийн байгууллагууд орон нутгийн засаг захиргаатай хамтран саналаа нэгтгэсэн. Мэдээж нуур ширгэж байгааг зүгээр хараад суусангүй, БОАЖЯ-наас Ганга нуурын эко системийг хамгаалах, сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байна. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас хариуцан Ганга нуурыг хашиж хамгаалах хашаа барьж эхэлжээ. Цаашид   Гангын цагаан овооны худгийн ашиглалтыг сайжруулж, нуур орчмыг малын хөлөөс тусгаарлах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Уг нь төсвийн хөрөнгөөр барьсан уг худгийг ашиглаж, малаа усалбал нуураа хамгаалах эх оронч үйл хэрэг болох аж. Гэвч малчид худаг ажиллуулах түлшний мөнгө гаргадаггүйгээс өнөө хэр ашиглалтгүй байгаа аж. Энэ удаа худгийн түлшний мөнгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр зохицуулж өгөхөөр болов.

Цаашид ганга нуурыг аврах гол нөхцөл нь газрын гүний усыг ашиглах бөгөөд ийм боломж байгаа талаар шинжлэх ухааны судалгаа хийж нөөцийг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Мөн БОАЖЯ-наас Ганга нуурыг тэтгэх найдвартай эх үүсвэрийг судлах,     үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах асуудлыг судалж, шийдвэрлэхээр боллоо гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now