2016 оны 09-р сарын 07
БОАЖЯ-наас Орхон голын бохирдлыг бууруулах талаар авч буй арга хэмжээ болон Ганга нуурын ширгэлтэд нөлөөлж байгаа хүчин зүйл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг зэрэг албаны хүмүүс оролцов.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд БОАЖЯ, УУЯ, МХЕГ, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ажиллаж, Орхон голын эхэнд хууль зөрчин олборлолт явуулж буй “Монгол газар”, БМНС, “Алтай гоулд”, “Алтан дорнод” зэрэг компанийн үйл ажиллагааг зогсоосон.
Лиценз эзэмшигч тэдгээр аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгээгүй,нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт огт байршуулаагүй,усны бохирдлыг багасгах далан хаалтыг мэргэжлийн төвшинд барьж байгуулаагүй зэрэг зөрчилтэйгөөр үйл ажиллагаа явуулж байжээ.
Тиймээс тэдгээр компаниудыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг газар дээр нь гаргасан байна. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдэгдэв.
Тэрбээр “Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь бүх нийтийн үйл, сэтгэл шаардсан ажил болж байна. Орхон гол улаанаараа эргэж, 15 км газрыг ухаж, гол уруу бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна. Орхон гол их хэмжээгээр бохирдсоны улмаас экологийн тэнцвэр алдагдаж, амьсгаа нь тасарч магадгүй учир бид хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох шаардлагатай. Хэдийгээр эдийн засаг хямарсан, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгаа боловч байгаль орчин, ус голыг бохирдуулж байгаа нөхцөлд бид дэмжих боломжгүй” гэлээ.
Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Ганга нуур ширгэхэд нөлөөлж буй хүчин зүйл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Ганга нуур ширгэж буй асуудлыг тодруулах зорилгоор ажиллаад ирсэн. Ажлын хэсгийнхэн нуур ширгэхэд уур амьсгалын өөрчлөлт, малын тоо олширч бэлчээрийн даац хомстож, усгүй болсон малчид Ганга нуураа бараадан нутагласнаас нуур ширгэсэн гэх дүгнэлтийг гаргасан байна. Энэ зун долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр нэмэгдэж, бороо ороогүй ажээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Сүхбаатарын аймгийн Дарьганга суманд орших Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Сүмт, Хошмог зэрэг нуурууд болон булаг шандууд ширгэсэн байна.
Сайд Д.Оюунхорол “Ганга нуурыг хамгаалах талаар зарим нэг арга хэмжээ авч байгаа боловч төдийлөн үр дүнтэй биш байна. Тиймээс цаашид нуурыг хамгаалах чиглэлээр нуурт мал оруулахгүйн тулд хашаа татаж хамгаалах, нуурын гол тэжээл болсон хоёр булгийн ундаргыг хамгаалах,салхи, элсний нүүлтийн хаалт хийх,малчдын усан хангамжийн асуудлыг худаг гаргаж шийдвэрлэх ажлыг хийх шаардлагатай” гэв. Мөн Ганга нуурын эрэг хавиас айлуудыг нүүлгэх, цас, борооны усыг нуурт цуглуулах арга хэмжээ авах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Байгаль орчны доройтол, экологийн тэнцвэр алдагдаж байгааг бид хараад яриад суух биш хоосон ярианаас бодит ажил хийхийг олон нийт, төр засаг, ТББ-уудад уриалж, байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх хэрэгтэйг санууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ