2016 оны 11-р сарын 30
Уулзалтын эхэнд KFW банкны төслийн ерөнхий менежер Маркус Стевен болон KFW банкны төслийн техникийн ахлах зөвлөх Гюнтер Хазе, KFW банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч Ц.Энхзул нар цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт талархал илэрхийлж амжилт хүслээ. Уулзалтанд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Б.Жавзандулам, KFW-ын төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Солонго, KFW-ын төслийн техникийн ахлах зөвлөх Бернд Штайнхуаэр Буркард, KFW-ын төслийн техникийн дэд зөвлөх П.Галрагчаа нар хамт оролцлоо.
Төсөл санхүүжүүлэгч Германы KFW банкны төлөөлөгчдын зүгээс төсөл хэрэгжиж байгаа газрууд нь өргөн уудам нутаг дэвсгэртэй боловч маш цөөн тооны байгаль хамгаалагч нар хамгаалж байгааг цохон тэмдэглэлээ. Германаас ирсэн төлөөлөгчид эхний үе шатаас хамаарч 2-р үе шатыг эхлүүлэх тухай онцолж хэлсэн байна. Мөн тэд хөрөнгө оруулахдаа үр ашигтай байдлыг баримталдаг бөгөөд хэсэг хэсэг газарт бус нэг бүс нутаг эсвэл томоохон газар нутгийг хамруулах зарчим баримталдаг талаар тэмдэглэн хэллээ.
Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар эдгээр асуудал дээр санал нэг байгаагаа хэлж шаардлагатай дүрэм журмыг баримтлан ажиллаж байгаа гэдгээ илэрхийлэн аливаа саналын хариуг ирүүлэхдээ Германы зүгээс цаг тухайд нь ирдэггүй учир саналын хариуг түргэн шуурхай өгөх тал дээр анхаарч өгөхийг онцлон хүслээ.
ХБНГУ-ын KFW банкны төслийн ерөнхий менежер Маркус Стевен-д Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хүсэлт тавьсны үндсэн дээр эхний хэсгүүдэд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд үр дүнд хүрвэл цаашид 3 дахь бүсийг сонгон авах боломжтой гэсэн хариу өглөө. Мөн дараачийн удаагийн уулзалтыг 2017 оны 9-р сард хийхээр харилцан тохирлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ