Япон улсын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн  иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” -ийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын усны чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, тогтмол  хянах,  цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх стратегийг боловсруулах зорилгоор “Нуурын усны чанарын хяналтын хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх гурван жилийн хугацаат зөвлөх үйлчилгээний гэрээт ажлыг гуравдугаар сараас эхлэн  Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Найчрал Састайнэблэ” ХХК  гүйцэтгэж байна.  

Усны чанарын хяналтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд цаг уурын нөхцлөөс хамааран өвөл, зун, намарын хугацаанд усны хими, нуурын усны баланс, микро-биологи, усны биологи, агаарын чанар, хөрсний гүний бохирдол, газар ашиглалтын судалгаанууд хийгдэхээр болжээ.

Мөн хээрийн судалгаанд усны хими, микро-биологийн явуулын лаборатори ажиллах бөгөөд усны түвшин, ууршилт хэмжигч, цаг уурын автомат станцуудыг нуурын эргэн тойронд суурилуулан цаг бүрийн өгөгдлийг нарийвчлан цуглуулж дүгнэлт хийх болно. Усны химийн дээжийг суурьшлын бүсэд 500м тутам, бусад бүсэд цутгал гол бүрт 0-10м, 10-20м, 20-30м –т ангилан усны дээж авагчаар авч усны гүнээс хамаарсан өөрчлөлт байгаа эсэхийг тогтооно. Усны биологийн судалгаанд нуур болон цутгал голуудын загас, усны сээр нуруугүйтэн амьтдын био-индикатор чадварт үндэслэн чанарыг тодорхойлох, зүйлийн бүрдлийг тогтоох зорилготой судалгаа хийгдэнэ. Хөрсний гүний судалгааг хийхдээ задгай болон нүхэн жорлонгийн бохир ус хөрсний гүнээр дамжин нуурын усыг бохирдуулж байж болзошгүй байшгааг харгалзан жорлон хоорондын хэвгийд жорлонгийн нүхний ижил түвшинд өрөмдлөг хийж дээжинд микро биологийн болон чанарын шинжилгээ хийх юм.  

Нуур хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, нутгийн байгууллага, иргэдийн саналд үндэслэн агаарын чанарын хэмжилтийг жуулчдын ачаалал ихтэй сард Жанхайн даваа орчимд хийж үүссэн тоосжилт болон агаарын бохирдол нь нуурын ёроолын хурдсанд нөлөөлөх нөлөөллийг тогтоохоор ажиллаж байна.

 Газар ашиглалтын судалгааг Хатгал тосгон, Ханх сумын газар ашиглалт нь Усны тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгын тухай хуулийн заалтуудтай ямар түвшинд нийцэж байгааг судлан, цаашид гэрээт ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана. Усны чанарын хяналтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлээх гэрээт ажил дуусах үед цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх байгууллагыг боловсон хүчний чадавхи дээр нь үндэслэн сонгож хөтөлбөрийг хүлээлгэн өгөх аж.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now