2017 оны 05-р сарын 13
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “Экологийн хувьд чухал газар нутгийг хамгаалалтад авахад талуудын оролцоо” зөвлөлдөх уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг тэлэх асуудлыг хөндлөө. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн цөлжилт, газрын доройтлыг үнэлсэн таван удаагийн судалгаа байдаг. Хамгийн сүүлд буюу 2015 онд Био, экологийн хүрээлэнгээс энэ төрлийн судалгааг хийжээ. Судалгаагаар нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үүний 45.3 нь сул, 25.9 нь дунд, 6.7 нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй доройтлын зэрэгт хамарч байгаа аж. Тухайлбал, Ховд, Дорноговь аймагт газрын доройтол хүчтэй илэрсэн байна. Түүнчлэн нэн хүчтэй доройтолд орсон газар нутгийн хэмжээ нэгдэх хандлагатай ажиглагджээ. Доройтлын шалтгаан нь ганц хүний үйл ажиллагааны нөлөөнөөс бус байгалийн хүчин зүйлс ч нөлөөлж байгааг эрдэмтэд зөвлөлдөх уулзалтын үеэр хэлж байсан юм. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын байгууллагуудтай хамтран “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийг Монгол Улсын баруун бүс буюу Завхан, Ховд, Увс аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд энэ бүс нутгийн тусгай хамгаалалттай газрын хамрах хүрээг тэлэхээр зорьж байгаа юм. Одоогийн байдлаар Баян-өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийн 33.2 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад харуулсан байна. Харин Экологийн бүс нутгийн үнэлгээгээр Монгол орны баруун бүсэд 11778541 га газрыг цаашид хамгаалалтад хамруулах шаардлагатай гэж тодорхойлжээ.
“Экологийн хувьд чухал газар нутгийг хамгаалалтад авахад талуудын оролцоо” зөвлөлдөх уулзалтыг БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсад байгаль орчны хамгаалал нь тулгамдсан асуудал болсон өнөө үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх чиглэлээр энэхүү чухал төслийг эхлүүлээд 11 сар хүрэхгүй хугацаа өнгөрлөө. Энэхүү богино хугацаанд дүйцүүлэн хамгааллын асуудлыг орон нутагт таниулан сурталчлах болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох судалгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашид 2030 он хүртэл Монгол Улсад тулгамдаж буй газрын доройтлын асуудлыг буцалтгүй тусламжаар Монгол орны баруун бүсэд загварчлан шийдэх, мөн oлон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг өргөтгөж улмаар нийт нутгийн 30 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх боломжийг ашиглах шаардлага бий. Манай улсын эдийн засаг нь байгалийн нөөцтэй салшгүй холбоотой бөгөөд уул уурхайн хурдацтай хөгжлийг төлөвлөлттэй уялдуулах, чухам хаана энэ салбарыг голчлон хөгжүүлэх асуудлаа бид ярилцаж шийдэх цаг нь болжээ гэж үзэж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол орны экологийн хувьд эмзэг бөгөөд чухал ач холбогдолтой газруудыг тогтоож, экосистемийг нь судлан үнэлгээ хийсэн байгаа. Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсан энэ судалгааны дүнд Монгол Улсад тусгай хамгаалалтад авах шаардлагатай 200 гаруй газар байгааг тогтоосон. Иймд бид өнөөдрийн арга хэмжээгээр бүх оролцогч талуудад Монгол орны экологийн үнэлгээг танилцуулж, дээрх газруудын мэдээллийг өгөх болон үүнтэй холбоотойгоор УИХ-аас гарах тогтоолын төсөлд санал авах, мөн энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой юм. Түүнчлэн төслийн үр дүнг цаашид амжилттай нутагшуулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр тусгайлан саналаа илэрхийлэхийг Та бүхнээс хүсч байна” гэсэн юм.
Улмаар “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн техникийн зөвлөх Ё.Онон “Газрын доройтлыг бууруулах үе шат” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр уул уурхайн нөлөөллөөс улбаалан зарим газар хүчтэй газрын доройтол илэрч байна. Эргэж байгалийн унаган төрхөө олж авах боломжгүйгээр эвдэрч байгааг судлаачид онцолж байгааг онцолсон бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгасан. 2016 оны байдлаар Монголын орны нийт газар нутгийн 78.2 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн байна. Нөгөө талаар 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилт тавьсан. Өнгөрсөн оны байдлаар газар нутгийн 17.4 хувийг тусгай хамгаалалтад авсан гэдгийг танилцуулсан юм. Мөн үеэр “Де Нэйчэ Консерванси” ТББ-ын байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Д.Галбадрах “Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүн” сэдвээр илтгэл тавьсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх “Тусгай хамгаалалттай газрын өнөөгийн байдал, хамгаалалтад авах шаардлагатай газрын жагсаалт, судалгаа”-г танилцууллаа. Судлаачдын хэлж буйгаар уул уурхайн төсөл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авсны дараа сэргэх боломжгүй хгэж урьдчилан тооцоолсон тохиолдолд газрыг дүйцүүлэх хамгааллын аргыг хэрэглэдэг байна. Дээрх төслийн хүрээнд энэ аргыг Монголын баруун бүс дэх Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айраг алтны орд, Ховдын Дарви сумын Хөшөөт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын нүүрсний ордуудад нэвтрүүлэх хэрэгжүүлэх аж. Үр дүнд нь бүс нутгийн тусгайн хамгаалалттай газар нутгийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх зорилтыг салбарын яамнаас тавиад байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ