Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.2.2-ын 3 дахь хэсэг "Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, тусгай хамгаалалттай газрын хамгааллын менежментэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, эко стандартыг мөрдүүлэх", Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрийн 4.1.2 дахь хэсэг "Ховор, ховордсон амьтан, нүүдлийн шувуудын амьдрах орчин, экологийн тогтолцооны иж бүрдлийг хамгаалах зорилгоор хөрш орнуудтай хамтарсан хамгаалалттай газрыг байгуулах" гэж тус тус заасны дагуу ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газартай “Амарын эх” хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, ТХНУГ-ын дарга Ч.Батсансар болон 25 хамгаалалтын захиргаадын дарга нарын бүрэлдэхүүнтэй баг батлагдсан удирдамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд ОХУ-ын ижил төстэй Сохондын шим мандлын дархан газар, Алханайн байгалийн цогцолборт газар хамгаалалтын захиргаадад ажиллалаа.
Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа нь дээрх хамгаалалтын захиргаадтай судалгаа шинжилгээ, хамгаалалт, хяналт шалгалт, мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллаж 3 улсын хэл дээрх “Истоки Амур” ном, эрдэм шинжилгээний өгүүллэг, гарын авлага, календарь зэрэг сурталчилгааны материалуудыг хамтран хэвлүүлж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд нэн ховор, ховор амьтдын судалгааны мэдээллийн сан бүрдүүлж, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд хүрч буй үр дүнгийн талаар аялалын багийн бүрэлдэхүүнд 2 тал танилцуулж ажиллалаа. Мөн тус ажлын хүрээнд Алханайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ