2019 оны 07-р сарын 05
“Увс нуурын хотгор”-ын хил дамнасан дархан газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2011 оны 05-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, түүний биелэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Монгол –Оросын хамтарсан Холимог комиссын хуралдааныг хоёр тал жил бүр амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Энэ 6 дахь удаагийн Холимог комиссын хамтарсан хуралдааныг Монголын талаас зохион байгуулж уг хуралдаанд “Увс нуурын хотгор”-ын хил дамнасан дархан газрын хамтарсан комиссын Оросын талын дарга Балбан-Оол.Д.К, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Канзай.В.И, ОХУ-ын ШУА-ийн Увс нуур судлалын төвийн дарга, профессор Курбатская.С.С, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга бөгөөд хамтарсан комиссын Монголын талын дарга Э.Сансарбаяр, мэргэжилтэн Б.Энхгэрэл, холимог комиссын гишүүд болох Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхчулуун, ШУА-ийн Газарзүй-Геологийн хүрээлэнгийн салбарын дарга, доктор Б.Оюунгэрэл, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Цэлмэгдалай болон бусад хамгаалалтын захиргаадын мэргэжилтнүүд оролцож “Увс нуурын хотгор”-ын хил дамнасан дархан газруудын хамтарсан менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019-2020 онд хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний хөтөлбөр, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
Уг хуралдаанаар “Увс нуурын хотгор”-ын хил дамнасан дархан газрыг бүхэлд нь Дэлхийн хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэх, судалгаа шинжилгээний арга зүйг хамтран баталж, нэгдсэн арга зүйгээр судалгаа шинжилгээг явуулах, хяналт шалгалтыг сайжруулах хамтран зохион байгуулах мөн цаашид хил дамнасан тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын маршрут батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ