АНУ-ын Wyoming муж дахь Тетон нуруу нь тэртээ 10 сая жилийн өмнө газар хөдлөлийн нөлөөгөөр үүсч тогтсон бөгөөд мөнх цаст ноён оргилууд, ус намгархаг газарууд олонтой байгалийн өвөрмөц хэв шинжийг бүрдүүлсэн энэхүү газар нь 130.000 га талбайг хамардаг байна. Тус газар нь Yellow stone-ийн экосистемийн цогц нэгдэлээр 1929 онд “Байгалийн Цогцолборт газар”-ын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

Анх франц нэршилээр “Гурван шүд” гэж нэрлэж байснаас үүдэлтэй Гранд Тетон-ы нуруудын өндөрлөг ДТД 3200 – 4199 метр, ноён оргил болох  Гранд Тетон нь эргэн тойрны үзэсгэлэнт хавцал, Snake гол, түүгээр тэжээгддэг Jenny, Leigh, Jackson зэрэг томоохон нуурууд энд бий. Түүнчлэн хамгаалалттай газар дотроо анхны онгоцны буудалтай, голыг хааж усан сан, нуур үүсгэсэн (Jackson нуур) анхны тусгай хамгаалалттай газар юм.

Түүхийг сөхвөл, 1929 он хүртэл орон нутгийн иргэд тус нутгийг өөрсдийн өмчлөлд хамааруулдаг байсан бөгөөд тэр үеийн чинээлэг иргэн болох Рокфиллер нь тус нутгаар аялаж явахдаа байгалийн гоо үзэсгэлэнд нь татагдан, тус газрыг эздээс нь худалдан авч өөрийн улсдаа бэлэглэсэнээр өнөөгийн “Гранд Тетон” үүссэн түүхтэй.

Рокфиллер нь АНУ-ын  тусгай хамгаалалттай газар нутгийн түүхэнд томоохон дэвшлийг авчирсан бөгөөд түүний үнэлж баршгүй энэ гавьяаг дэлхий дахинд сая сая жуулчид шагшиж байна. Харин, Рокфиллерт газраа худалдаагүй газрын эздийн үе залгамжлагчид өнөөг хүртэл тусгай хамгаалалттай газар нутагтаа амьдарч байгаа бөгөөд хамгаалалттай газар нутаг дотор хувийн газар өмчлөлтэй цорын ганц газар юм.

Хамгаалалтын захиргааны хүний нөөцийн хувьд албан ёсны 100 ажилтантай хэдий ч аялал жуулчлалын улиралд 180 орчим ажилчидыг нэмж ажилуулдаг бөгөөд Концессийн хэлтэс, Судалгаа шинжилгээний хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс (байгаль хамгаалагч, түймэр, жуулчдад үйлчлэх үйлчилгээний асуудлыг давхар хариуцдаг) Сурталчилгааны хэлтэс, Сургалтын хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтэс, Хүний нөөц болон захиргааны асуудал хариуцах хэлтэсүүдэд хуваагдан ажилдаг.

Өөрийн орлогын 40%-ийг Засгийн газар, 25%-ийг аялал жуулчлал, 7 орчим хувь нь хандив тусламж, үлдсэн орлого нь концесын гэрээнээс олдог аж.

Менежментийн төлөвлөгөөнд нь тусгагдсан үйлчилгээг хэрэгжүүлэхдээ хамгаалалтын захиргаанаас зарласан уралдаант шалгаруулалтанд тодорхой шалгуурын дагуу тэргүүлсэн ААН  нь тус эрхийг авч урт хугацааны (10-25 жил) гэрээг байгуулдаг байна. Нийт 27 аж ахуйн нэгжтэй  концесийн гэрээний дагуу хамтарч ажилдаг бөгөөд түүнээс олсон орлогыг зөвхөн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжэхэд нь зарцуулдаг. Тухайлбал хоноглох байр барих, дэлгүүрийн өргөтгөл, зам тавих зэрэг хүний тав тухыг хангахад чиглэсэн ажилууд хамаарагддаг байна.

Харин концессийн гэрээгээр үйл ажиллагаа эрхлэгч ААН нь тус захиргаанаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд дур мэдэн барилга байгууламж барих эрхгүй байдаг байна.

Аялал жуулчлалын хувьд жилд дунджаар 2.5 сая жуулчин хүлээн авдаг бөгөөд тус БЦГ руу нэвтрэх хураамжын хувьд дараах сонголтууд бий. Хураамжыг тээврийн хэрэгсэлээр тооцож авах ба төлбөр нь хувийн машинаараа нэг удаадаа 30 доллар, АНУ-ын бүхий л байгалийн цогцолборт газарт жилийн турш нэвтрэх эрх 80 доллар болох зэрэг уян хатан нөхцөлүүдтэй.

Аялал жуулчлалыг зөвхөн тогтсон зам маршрутын дагуу хийх ба завин аялал, уулын жимээр аялах аялал, ууланд авиралт, цанаар гулгах, загасчилах аялалыг тус тус хийх боломжтой. Харин ан хийх эрхийн талаар зөвшөөрдөггүй  хэдий ч загасчилах эрхийн зөвшөөрлийг та 10 доллараар авснаар загас чөлөөтэй барих, усанд буцаан тавих эсвэл  нэг удаад 6 хүртэл загасыг гэртээ авч харих боломжтой.

Хамгаалалтын захиргааны зүгээс майхантай аялагчидыг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт байлгах бөгөөд нэг хоногийн 10 доллар юм.  Тэнд аялагчдын тав тухыг хангах үүднээс хог хаях цэг, боловсон бие засах газар, хоол хадгалах сав зэргийг бүрдүүлсэн байдаг.

Хэрэв та Гранд Тетон БЦГ-т ирвэл ховор, нэн ховор зүйлийн ургамал харахаас гадна замын хажуугаар чөлөөтэй бэлчих бизон, сэрээ эвэрт гөрөөс, дэлдэн буга, халиун буга, молцог хандгай, гризли баавгай болон хар баавгайг ч хүртэл харах боломжтой.

Бид тус тусгай хамгаалалттай газартай танилцахын зэрэгцээ Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилгыг танилцуулсан юм. Байгалийн цогцолборт газартай танилцсан аялалыг та ЭНД ДАРЖ манай ФЭЙСБҮҮК хуудаснаас үзэж сонирхоорой.

Дараагийн дугаарт Дэлхийн хамгийн анхны байгалийн цогцолборт газар болох  Yellowstone-ын танилцуулах болно.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now