2016 оны 06-р сарын 04
- Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-1993 онд Монгол Улс Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцид нэгдэн орсноор өөрийн орны болон бүс нутгийн байгаль экологийн тэнцлийг хангахад онцгой үүрэгтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудалд өндөр ач холбогдол өгөх болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төр захиргааны тогтолцоо улам боловсронгуй болж 1992 онд Байгаль орчны сайдын тушаалаар яамны дэргэд дархан газрын хариуцсан алба анх байгуулагдсан байдаг. Түүнээс хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг боловсруулан батлан мөрдөж, сүлжээг өргөтгөн, хэмжээг тэлж, материаллаг баазыг бэхжүүлэн ажилллаж байна. Анх яамны бүтцэд дархан газар хариуцсан дөрвөн мэргэжилтэн, дөрвөн хамгаалалтын захиргаатай үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдөр удирдлагын бүтэц нь яамны газрын хэмжээнд очсон 33 хамгаалалтын захиргаатай, тэдгээрт 550 гаруй хүн ажиллаж байна. Монгол орны тусгай хамгаалалттай газар 27.2 сая га талбайг хамарч, энэ нь нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувийг эзэлж байна. Энэ бол сүүлийн жилүүдэд бидний байгаль хамгаалалд олсон хамгийн том ололт амжилт. Монголчууд байгаль эх дэлхийгээ хамгаалах, уул овоогоо тахих, дархлах эртний уламжлалтай ард түмэн. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоо, хууль эрх зүйн хувьд л шинэ болохоос тусгай хамгаалалттай газар нутгийн түүх бидэнд уламжлагдаж ирсэн. Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу өнөөдрийн байдлаар нийтдээ 99 газрыг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, байгалийн дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд аваад байна.
УИХ-аар 1998 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөрт заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 2015 онд улсын тусгай хамгаалалтад авахаар найман газрын үндэслэл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр бэлэн болоод байна. Эдгээрийг тусгай хамгаалалтанд авчихвал нийт тусгай хамгаалалттай нутгийн хэмжээ 1.4 га –гаар нэмэгдэнэ. Нийтдээ төрийн бодлогын 10 гаруй томоохон баримт бичигт газар нутгийг тусгай хамгаалалтад авах, нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, газар нутгийн хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт хүргэх бодлогын зорилтуудыг тусган хэрэгжүүлж ирсэн. Дээр хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд бид чамлахааргүй ололт амжилт олсон. Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх хэрэгцээ, хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага, хууль эрх зүйн баримт бичгүүд амьдралд нийцэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас тусгай хамгаалалттай газар нутгийн менежмэнт, хамгаалалд гарч буй доголдол, дутагдалыг нэн даруй засаж сайжруулах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр 1994 онд баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг өөрчлөхөөр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Удахгүй хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих болно.
Үргэлжлэлийг та Өдрийн сонины 2015.06.17 - ны 15 дугаар уншиж болох бөгөөд ЭНД ДАРЖ news.mn сайтад нийтлэгдсэнээр уншаарай.
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ