2016 оны 06-р сарын 04
БНЧУ-ын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4 тахийн гүүг 7-р сарын 4-5 ны хооронд “КАСА” онгоцоор тээвэрлэн Ховдын Булган суманд буулгаж цааш нь ачааны машинаар үргэлжлүүлэн зөөж ГИДЦГ-ын “Б” хэсгийн Тахь нутагшуулах хашаанд 7-р сарын 6-ны шөнийн 1:00 цагийн үед хайрцагнаас нь амжилттай гаргалаа. Шинээр ирсэн гүүнүүд тарга хүч, өнгө зүс сайтай, үржлийн насны залуу тахиуд байв.
Мөн 7-р сарын 6-ны 15:00 цагт 2014 онд тээвэрлэгдэн ирсэн 3 тахийн гүүг нутгийн Танан нэртэй азаргатай нийлүүлэн говийн бэлчээрт нутагшуулах ажлыг зохион байгуулав.
Тахь тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Б.Мирослав зохион байгуулж, 2015 онд ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Праг хотын захиргаа оруулах болсон талаар мэдээлэл хийв. Праг хотын захиргаа 2008 онд тус захиргаанд шинэ УАЗ-469 маркын автомашины хөрөнгө оруулалт хийж байжээ.
2015 оны 4-р сарын 22-ноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн гүүнүүд унагалж эхэлсэн ба 7-р сарын 15-ны байдлаар нийт 26 унага төрснөөс 23 нь эсэн мэнд бойжиж байна. Чех улсаас ирсэн 4 тахийн гүү, 23 унагаар нутагшуулж буй тахийн сүрэг бүл нэмж нийт 140 шахам тоо толгойд хүрээд байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ