-Тусгай хамгаалалттай газарнутгийн тухай хуулийг шинэчлэн батлуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ?  

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажил 2013 оноос эхэлсэн. 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд УИХ-д өргөн барихаар тогтсон боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийг буцаасан. Тийм учраас бид   дахин ажлын хэсэг гарган, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна. Ер нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ өргөжихийн хэрээр тэдгээрийн санхүүжилт, хамгаалалт, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг зохицуулах, менежментийг сайжруулах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг төр дангаар шийдвэрлэх боломжгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэл, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээр хамгаалалтын менежментийг хийлгэх оновчтой зохицуулалттай болох нь хуулийн гол үзэл санаа юм. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын санхүүжилт өнөөдөр тулгамдсан асуудал болсон. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар улсын төсвөөс хуваарилсан мөнгөөр зөвхөн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын менежментийг хийж байна. Ингэхдээ нийт төсвийн 90 орчим хувь   ажиллагсадын цалинд, долоо орчим хувь нь   урсгал засварт, үлдсэн гурван хувийг л зөвхөн менежмэнтэд зарцуулдаг. Гэтэл байгалийн нөөц газар, дархан газрын тухайд   санхүүжилт огт байдаггүй учраас хамгаалалтын ажлыг бараг хийдэггүй гэхэд болно. Олон улсын туршлагаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт үр дүнтэй менежмент хийхэд санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх асуудлыг чухалчлан үзэж, энэ нь үр дүнгээ өгч байна.   Зарим газрын менежментийг хувийн аж ахуйн нэгжид урт хугацааны гэрээгээр хариуцуулдаг туршлага ч бий. Хуулийн төсөлд энэ асуудал туссан.

-Улсын тусгай хамгаалалтаас гадна орон нутгийн тусгай хамгаалалтын эрх зүйн орчинд өөрчлөлт орох уу?

-Өнөөдөр орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа. Тиймээс орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын тогтолцоо, хамгаалалт, түүний менежментийн талаар тодорхой зохицуулалтыг тусгасан. Үүнээс гаднагазар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах, хилийн цэсийг өөрчлөх үйл явц болон энэ бүсэд газар ашиглах харилцааг зохицуулсан зохицуулалт сул, дутмаг учраас газар ашиглалттай холбоотой асуудал нэлээд гарч ирж байгаа. Тиймээс газар ашиглалттай холбоотой харилцааг нэлээд тодорхой зохицуулсан. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой төрлийн үйл ажиллагаа, ажил үйлчилгээг тухайн газрын хамгаалалтын бүсийн дэглэм, горимд нийцүүлэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, тухайн хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээний үндсэн дээр явуулж байхаар тусгалаа. Тусгай хамгаалалттай газар нутагт тухайн жилд ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтыг тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөө болон сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулах, иргэд олон нийтэд ил тод мэдээлж байхаар тусгав. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй өрхөд газрыг гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан өвөлжөө, хаваржааны саравч барих, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих зориулалтаар 20 жилийн хугацаатайгааргазар ашиглуулах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ мэтчилэн олон нарийн зохицуулалт хуулийн төсөлд туссан.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх бодлого хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

- Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг. Нийт газар нутгийн 17.4 хувийг эзэлж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг бид 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Гэхдээ газар нутгийн хэмжээ тэлэх тусам төсөв зардал нэмэгдэх, төр хүрч хамгаалж чадахгүй байх зэрэг олон бэрхшээлтэй асуудлууд үүсэх учраас хуулиа даруй батлах шаардлагатай. УИХ-аар 1998 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөрт заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 2015 онд улсын тусгай хамгаалалтад авахаар найман газрын үндэслэл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр бэлэн болоод байна. Эдгээр газар нутгийг тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар нийт нутаг дэвсгэрийн 1.4 хувь нь тусгай хамгаалалттай болж өргөжнө. Ингэснээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 18.8 хувь нь тусгай хамгаалалтад орж байгаа юм.

-Оршин суугаа газрынхаа төлөө арав гаруй жил тэмцсэн Зайсангийн зарим иргэдэд газрын гэрчилгээ олгосон. Үлдсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юу?  

-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны дөрөвдүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг асар шуурхай, үр дүнтэй ажилласны хүчинд Д.Оюунхорол сайдын үед ямар нэгэн зөрчилгүй 305 айл өрхийн газрыг гэрчилгээжүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэх явцад газрын хэмжээ харилцан адилгүй, нэг хашаан дахь айл өрхийн тоо олон, газрын маргаантай, орох гарах зай завсаргүй шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарсан. Харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршиж буй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан тохиолдолд газар ашиглах гэрчилгээг олгох боломжгүй. Түүнчлэн үерийн ам, далан, жалганд буусан, аливаа шатны шүүхэд   маргаантай,   тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлгүй,  уугуул биш иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Гэхдээ тэнд олон жил суурьшсан ард иргэдийн амьдрал ахуйн асуудал яригдаж байгаа учраас бид хоёр дахь ээлжийн гэрчилгээжүүлэлтийг хийхээр ажиллаж байна. Саяхан БОНХАЖ-ын сайдаар томилогдсон Н.Батцэрэг сайд ч бидэнд ард иргэдийн асуудлыг аль болох боломжит хувилбараар шийдэх үүрэг, даалгавар өгсөн. Аравдугаар сарын 1 гэхэд уугуул суугуул иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх асуудлыг шийдвэрлэж дуусна.

-Сүүлийн үед хэл амны бай болоод байгаа Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж байгаа юу?

-Орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах саналыг тухайн нутгийн иргэд ч, УИХ-ын гишүүд ч тавьж байгаа. Тиймээс уг асуудлыг бид судалж байна. Гэхдээ ноён ууланд ашиглалтын лицензтэй 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь хамгийн том бэрхшээл болж байгаа.

Т.Үлэмж

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now