2016 оны 06-р сарын 04
БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан бөгөөд ийнхүү 5 жилийн дараа Ерөнхийлөгчийн зарлиг бодит биеллээ олж Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг хүлээн авлаа.
Батламж бичиг хүлээн авах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай хоёр талын уулзалт хийж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. ЮНЕСКО үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий захиралд баяр хүргэж, Монгол-ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Мөн ЮНЕСКО нь Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, үндэсний соёл урлаг, түүх соёлын өвийг хадгалж хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх талаар үзэл санаагаа түгээж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулсныг сайшаалаа.
Дэлхийн өвд бүртгэлтэй хадны сүг зургийг хамгаалах чиглэлээр тийм өв бүхий 27 улстай хамтран ажиллах, олон улсын чуулга уулзалт зохион байгуулах, бэлчээрийн мал аж ахуйг биет бус соёлын өвд бүртгүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг хамгаалан хөгжүүлэх асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах зэрэг саналыг Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковад тавьж, тэдгээрийг ажил хэрэг болгох талаар тохиролцов.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ