2016 оны 06-р сарын 04
Ядуурлыг Бууруулах Японы Сангаас Азийн Хөгжлийн Банкаар дамжуулан олгогдох 3 сая долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” төслийг нээж гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр зохион байгууллагдлаа. Ёслолын ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсын Элчин сайд ноён Т. Шимизу, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Роберт Шоелхаммер, Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Фүкасава, БОНХАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Сангийн яамны ХСӨУГ-ын дарга Б.Гантулга, БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.
Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын салбар хурдацтай хэдий ч хяналт муутай хөгжиж байгаа ба орон нутгийн ард иргэд харьцангуй орлого багатай, аялал жуулчлалын хөгжлөөс үр ашиг бага хүртдэг бөгөөд байгалийн баялагт түшиглэн амьжиргаагаа залгуулах төдий амьдарч байгаа нь төслийг санаачлах гол шаардлага болсон юм. Санал болгож буй буцалтгүй тусламжийн хувьд, хамгаалалтын газрын захиргаа болон бусад гол оролцогч талуудтай хамтран, аялал жуулчлал, амьжиргааны бусад эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх замаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төслийн төлөвлөлтөд амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, газар ашиглалтын төлөвлөлтийг нэгтгэсэн аргачлалыг тусгах бөгөөд Монгол Улсын бусад тусгай хамгаалалттай газруудын хувьд загвар болгох зорилготой билээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ