2016 оны 06-р сарын 04
Дэлхийн шим мандлын нөөц газрын 10 жилд нэг удаа зохион байгуулагддаг их хурлын 4 дүгээр Конгресс Перу улсын Лима хотноо энэ сарын 14-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд дэлхийн 126 орны 1000 орчим төлөөлөгчид ирж оролцсон юм. Тус хуралд Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, БОНХАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, байгаль орчны гавьяат ажилтан А.Намхай, Хустайн байгалийн цогцолборт газрын дарга Ц.Дашпүрэв, Богдхан уулын ДЦГ-н мэргэжилтэн Г.Ганзоригт, ГИДЦГ-ын дарга Г.Довчиндорж, нар оролцлоо.
Лимагийн хурлын үеэр Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний захирал ноён Han Qunli болон Зүүн хойт Азийн сүлжээ хариуцсан нарийн бичгийн дарга Ханс тулструп, БНХАУ, ОХУ, БНСУ-ын МАБ-ын хорооны дарга нарт Монгол орны “Улаан ном” болон бусад дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм.
Хурлын 2 дахь өдөр Зүүн хойт азийн (EABRN) салбар хуралдаан дээр Монгол улсыг төлөөлж Хустайн хүн ба шим мандлын нөөц газрын дарга Ц.Дашпүрэв "Монгол орны шим мандын нөөц газар" сэдвээр илтгэл тавьж хэлэлцэв.
Мөн Хүн ба шим мандлын сүлжээ газрууд өөрсдийн танилцуулга болон тараах материалыг бэлтгэн ирсэн байв. Монгол улсаас 6 шим мандлын газрын талаарх танилцуулга болон тараах материалыг бэлтгэн тараалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ