Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслөөс ХБНГУ-ын Бавариа мужийн үндэсний парк, Доод Саксон мужийн Хаарз үндэсний парктай танилцаж туршлага судлах аяллыг зохион байгууллаа.  Туршлага судлах аяллын багийг яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Чаминцэцэг ахлаж ТХНУГ-ын мэргэжилтэн Ц.Түвшинбат, Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслийн мэргэжилтэн Жавхлант, Төслийн зөвлөх П.Галрагчаа, Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов, Богдхан уулын ДЦГ-ын ХЗ-ны дарга Ц.Ширэндэв, Отгонтэнгэрийн УТХГН-ын ХЗ-ны дарга Д.Батдэлгэр, Хангайн нурууны БЦГ-ын ХЗ-ны дарга Г.Ганболд, Зэд хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын ХЗ-ны дарга Л.Батбаяр, Хөгнө тарнын БЦГ-ын дарга Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Туршлага судлах аялалаас гадна томилолтын ажлын хүрээнд ХБНГУ-ын Бавариа мужийн Ойн үндэсний парктай Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 5 жил хамтран ажиллаж, эгч дүү парк байгуулах гэрээнд гарын үсэг зурсан нь томилолтын нэгэн амжилт байлаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадвахжуулах, судалгаа шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Хаарз үндэсний парк /Harz National Park/

Герман улсын хувьд харьцангуй хожуу 1970 оноос газар нутгийг тусгайлан хамгаалах, үндэсний парк байгуулах харилцаа эхэлсэн байдаг бөгөөд эх газартаа ойг сэргээх, ойн зарим амьтдыг эргэн нутагшуулах зэрэг ажлыг хийдэг байна. Одоогоор 14 газар нутгийг тусгай хамгаалалтанд аваад байгаа аж.

Германы үндэсний паркын зарчим нь Америкийн нэгдсэн улсын системээс улбаасан байдаг бөгөөд “Байгалийг байгалиар нь байлгах” уриатай ажилдаг. Хамгаалалтын захиргааны гол чиг үүрэг нь иргэдэд байгаль орчныг хамгаалах, боловсрол олгох асуудалд чиглэсэн байдаг.

Хаарз үндэсний парк нь Хуучны баруун, зүүн германыг зааглаж байсан хил дагуу орших бөгөөд Баруун Германы Hochharz National Park-ыг 1990 онд, Зүүн Герман Harz National Park-ыг 1994 онд байгуулж байсанг 2006 онд нэгтгэж 24.700 га газар нутгийг хамарсан Хаарз үндэсний парк байгуулагдсан түүхтэй. Хамгийн өндөр цэг 1141 метр бөгөөд 1100 метрээс дээш мод ургадаггүй жилийн 300 өдөрт үүлэрхэг, манантай байдаг ажээ.

Нийт ойн сангийн талбайн 75 орчим хувьд нь огт хөнддөггүй бөгөөд 25%-д нь арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийдэг байна. Чоно, Баавгай, шилүүс зэрэг махан идэшт амьтад устсанаас болж буга гөрөөс ихссэн тул нөөц даацыг тогтоож жил бүр тодорхой тоогоор агнадаг ажээ.

Шилүүсийг 1999 оноос сэргээн нутагшуулах ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд 19 шилүүсийг байгальд нь буцаан тавьжээ. 2002 оноос байгальдаа зулзаглаж эхэлсэн байна. 5 шилүүсийг иргэдэд танин мэдүүлэх, мэдээлэл олгох зорилготоор тэжээж байна.

Нийт 140 гаруй ажилтантай, үүнээс 40 нь байгаль хамгаалагч, 59 нь оффисын ажилтан, бусад нь ойн мэргэжилтэн болон бусад ажилчид. 6.8 сая еврогийн санхүүжилт улсаас авч мод бэлтгэл болон буга агнаж махыг нь орчны бүсийн иргэддээ борлуулан 4.5 сая еврог улсад төвлөрүүлдэг байна.

Тусгай хамгаалалтанд авахаас өмнө амьдарч байсан иргэд газартаа аялал жуулчлалын болон үйлчилгээний зориулалтаар газраа ашигладаг. Шинээр газар олгодоггүй.

Мэдээллийн төвийг хандивлагч байгууллагуудтай хамтран эрхэлдэг. Нэвтрэх хураамж, газар ашиглалтын төлбөр авдаггүй. Жилдээ 1.3 сая жуулчин ирж мэдээлэл аван аяладаг байна.

Баварийн ойн үндэсний парк /Bayerischer Wald National Park/

Тус газар нутаг нь 1970 онд хамгаалагдсан унаган ойтой 24.250 га Германы хамгийн анхний үндэсний парк ажээ. 1991 онд Чехийн Хүн ба шим мандлын сүлжээнд хамрагдсан Sumava үндэсний парктай хил дамнасан парк байгуулж хамтран ажилладаг. Үйл ажиллагааны хувьд Хаарзын үндэсний парктай адил.

Байгаль дээрээ амьтны хүрээлэн байгуулж тус бүс нутагт амьдардаг амьтадыг жуулчидад мэдээлэл олгох зорилготойгоор байгуулсан. Мөн Бизон, тахь зэрэг амьтадыг байгаль орчны талаар боловсрол олгох зорилгоор тэжээж байна.

Мөн бүс нутагтаа байгаль орчныг хамгаалах таниулах боловсрол олгох зорилготой хүүхдийн зусланг хамтрагч байгууллагатай хамтран зохион байгуулдаг байна.

Ойн бэлтгэлийн орлогоос гадна зөвхөн автомашины зогсоолоос жилдээ 400 мянган еврогийн орлого олдог. Жилдээ 14.5 сая еврог улсаас санхүүжүүлдэг 180 гаруй ажилтантай 23 байгаль хамгаалагчтай ажилдаг.

Германы эх газрын паркуудын түгээмэл зөрчил нь батлагдсан маршрутаар зорчихгүй байх нь элбэг бөгөөд модны хүр хорхой нь ойн гол дайсан болоод байгаа ажээ.

Тусгай хамгаалалттай газартай танилцсан зургийн цомгийг манай Фэйсбүүк хуудаснаас ЭНД ДАРЖ үзнэ үү

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now