2016 оны 06-р сарын 04
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын харъяа Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргаа нь М-СИ-ЭС Кокa-Кола компанитай хамтран ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ нь: М-СИ-ЭС Кокa-Кола компани нь 2013 онд 20,000 ширхэг, 2014 онд 5000 ширхэг хогны уутыг тус тус хандивлан ажилласан ба байгаль хамгаалах үйлст тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Уг хогны уутыг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 6 хэсгийн 33 байгаль хамгаалагч, Хан Хэнтийн Дархан цаазат газар болох Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр гэсэн 3 аймгийн 8 сумын нутаг, Өндөрхаан уулын БЦГ, Хангал нуурын БДГ, Биндэрьяа хан уулын БДГ зэрэг тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч байгаа ард иргэд, гадаад дотоодын жуулчид, аялагчдад тараан өгч хоггүй орчин бүрдүүлэн ажиллаж байна.
2015 оны 5 дугаар сарын 27-нд Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат, Монгол түмний бахархалт Бурхан Халдун Хайрханыг тахих ёслолын арга хэмжээ амжилттай болсон. Энэ үеэр хамгаалалтын захиргаа хүлээсэн үүргийн дагуу Бурхан Халдун Хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журмыг мөрдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Энэ үеэр 3000 гаруй хогны уутыг 2 өдөрт тараан хоггүй цэвэр бүрдүүлэн ажиллаж чадсан.
М-СИ-ЭС Кока-Кола компани нь энэ жил эхний ээлжний 5000 ширхэг Эко-хогны уутыг хүлээлгэн өгч байна. 10-р сард дахин 5000 ширхэг уутыг өгөхөөр шийдвэрлэлээ.
Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оныг ”Орон нутаг, орчны бүсийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан мэдээлэл сурталчилгаа, иргэдийн байгаль орчны талаархи мэдлэг боловсролыг дэмжих ажилд та бидний хувь нэмэр ихээхэн ач холбогдол өгөх нь дамжиггүй.
М-СИ-ЭС Кока-Кола компани нь цаашид Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай байгаль хамгаалах чиглэлээр бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж үлгэр жишээ болж буй М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Байгаль дэлхийгээ гэсэн сайн үйлс дэлгэрэх болтугай.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ