2016 оны 06-р сарын 04
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн Банк, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлэх “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Нээлтийн арга хэмжээ 2016 оны 5 дугаар сарын 11-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амжилттай зохион байгуулагдав.
Иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны цогц төсөл болох энэхүү төслийн нээлтийн арга хэмжээнд төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Роберт Шоелхаммер, Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын дарга Т.Болдбаатар нар оролцон үг хэлэв.
Төслийн мэргэжилтнүүдийн зүгээс төслийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн зорилго, үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тухайлбал орчны бүсийн иргэдийн оролцоотой аялал жуулчлалын болон хог хаягдлын хамтын менежментийн загвар бий болгох, малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэх, эргэлтийн сан, байгаль орчинд халгүй ариун цэврийн байгууламж, хогийн цэг байгуулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг төслөөс үзүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үр шим хүртэгчид, оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Төслийн нээлтийн арга хэмжээнд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Зам тээврийн яамны Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, аймгийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх, Рэнчинлхүмбэ сумд, Хатгал тосгоны албаны болон малчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жижиг үйлдвэрлэгчид болон энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ зэрэг уг төслийг хариуцан хэрэгжүүлэх, төслийн үр шим хүртэгчдийн төлөөлөл болох нийт 103 хүн оролцон мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан тодорхой санал хэлж, асуулт асуув.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 3 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн 5 суманд 2016-2019 онд хэрэгжинэ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ